Шууд Chart

Ховд аймгийн Алтай сумын усалгаатай тариаланг сэргээж байна

2025-09-17 09:29:06

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны хэрэгжүүлж буй “Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй төсөл” Ховд, Говь-Алтай, Завхан, Баян-Өлгий, Төв аймгийн газар тариалан бүхий сумдад хэрэгжиж байна. 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, МААГНБХЗГ-ын дарга Ц.Мөнхнасан, ХөҮБХЗГ-ын дарга М.Дондогдорж нарын Ажлын хэсэг Ховд аймгийн Алтай сумын 300 га талбайд суурилууслан “Боомын ам” услалтын систем болон туршилтаар тариалан эрхэлж буй талбайн ургац хураалттай танилцлаа.

Ховд аймгийн Алтай сум нь говь хээр, уур амьсгалын хуурай бүсэд хамаардаг. Энэ жил Алтай сумын нутгаар ган болж, өндөр хуурайшилттай нөхцөлд вандуй, тарвас, амтат гуа, сармис, чинжүү, хулуу, газрын алим зэрэг нарийн ногооны тус бүр 2-4 сортыг амжилттай тариалсан байна.

Төслийн гүйцэтгэгч “Агро-Альфа” ХХК 1990 оноос хойш ашиглалтгүй зогсоод байсан толгойн барилга, 5 км усны сувгийг засварлаж, 3.7 км үерийн хамгаалалтын далан, усан сан, насос станцын барилгыг шинээр байгуулж, бороожуулагч машин, дуслын усалгаа бүхий иж бүрэн услалтын систем угсарч суурилуулжээ. Тариалангийн талбайн хамгаалалтын ойн зурваст 12,000 ширхэг мод, бут суулгасан байна.   

Мөн мал аж ахуйд суурилсан эдийн засагтай Алтай сумын иргэдийг хүнсний ногоо тариалахад сурган, цалинтай дадлагажуулж эхэлсэн. Хаврын тариалалт, намрын ургац хураалтад 40 орчим хүнийг ажлын байраар хангаж буйг “Агро-Альфа” ХХК-ийн захирал О.Ганбаатар танилцуулав.

Тус компани “Боомын ам” услалтын системийг түшиглэсэн туршилтын тариалангийн талбайдаа хүнсний болон тэжээлийн эрдэнэшиш амжилттай тариалсан. Энэ намрын ургацаасаа малын даршилсан тэжээл бэлтгэн, сумын малчдад туршилтаар нийлүүлэхээр төлөвлөжээ гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ. 


Ховд аймгийн Алтай сумын усалгаатай тариаланг сэргээж байна   
Үзсэн: 111 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй