
Ази, Номхон далайн бүс нутгийн өргөн нэвтрүүлгийн холбооны /ABU/ Ерөнхий чуулган есдүгээр сарын 11-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болж байна.
Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбооны 62 дугаар Ассамблейны нэгдсэн чуулга уулзалт өнөөдөр эхэллээ.
Энэхүү чуулганд 43 орны 250 гаруй улсын хэвлэл мэдээллийн тэргүүлэх байгууллагуудын захирал, продюсер, уран бүтээлчид оролцож, телевиз, хэвлэл мэдээллийн хөгжлийн чиг хандлага, тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж байгаа юм.
Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбооны 62 дугаар Ассамблейн нэгдсэн чуулга уулзалтын нээлтэд МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн дарга Н.Монсор үг хэлсэн юм.
Тэрбээр “Та бүхнийг манай сайхан оронд хүрэлцэн ирж "ABU-62 дугаар чуулганаа хийж байгаад МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлөө төлөөлөн баяртай байгаагаа илэрхийлж байна. Хэвлэл мэдээлэл, тэр дундаа радио, телевизийн салбарын үүрэг, оролцоо улс орны өдөр тутмын амьдрал ахуйд ямар ач тустай гэдгийг үгээр илэрхийлэх аргагүй. Дэлхий ертөнц даяаршиж хүн төрөлхтөн нэгдэж нягтрахын хэрээр өөр өөрийнхөө онцлог шинж, зан заншил, өв уламжлалаа хадгалан хамгаалах үүрэг зорилго нэн чухал болсон билээ.
Энэ ч үүднээс Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбооны ээлжит чуулганыг Улаанбаатар хотод зохион байгуулж "Үндэсний өв соёлоо хамгаалахад хэвлэл мэдээллийн үүрэг, оролцоо" гэсэн нэн өргөн сэдвээр харилцан ярилцаж, хамтран туршлага солилцож баина. Манай монголчууд бол нэн эртний үүх түүх, өв соёлтой ард түмэн билээ. Дахин давтагдашгүй энэхүү өв соёл, зан заншлаа хадгалан үлдээх нь зөвхөн радио, телевиз, хэвлэл мэдээллийн үүрэг биш, аливаа улс орны төрийн бодлого байсаар ирсэн. Энд хуран чуулсан та бүхэн өөр өөрийн эх орондоо очоод Монгол орны тухай, Монголчуудын тухай өөдрөг гэгээн дурсамж бүтээгээсэй хэмээн хүсэж байна.
Зуун зууныг дамжин өртөөлөх улс орнуудын үүх түүх, өв уламжлалыг хадгалан хамгаалах, ирээдүй хойчдоо өвлүүлэн үлдээх эрхэм зорилго тань цагаан цаасан дээр хараар бичсэн мэт тод тодорхой, гэгээн сайхан билээ. Улс орон бүрийн бахархал болсон нэр хүндтэй байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбоонд энэ хүндтэй чуулганаа манай оронд хийж байгаа явдалд талархал илэрхийлье. Мөн Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбооны 62 дугаар чуулганыг эх орондоо зохион байгуулж байгаа МҮОНРТ-ийн хамт олондоо талархал илэрхийлье.
Хэдхэн хоногийн өмнө "ABU Robocon-2025" олон улсын роботын тэмцээнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор амжилттай зохион байгуулсныг энд тэмдэглэж хэлэхэд таатай байна. Улс үндэстэн бүхний өв соёл тодрон товойхын хэрээр хүн төрөлхтэн бие биенээ улам илүү ойлгож, харилцан бие биенээ хүндэтгэнэ гэдэгт би итгэдэг. Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбооны 62 дугаар чуулганд амжилт хүсье. Энд ирсэн зочин болгоны сэтгэлд Монголын тухай халуун дотно дурсамж үлдээсэй” гэдгийг онцолсон юм.
Н.Монсор: "Үндэсний өв соёлоо хамгаалахад хэвлэл мэдээллийн үүрэг, оролцоо" сэдвээр харилцан туршлага солилцож байна | ||
Үзсэн: 105 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.