Шууд Chart

Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын экспертүүдийг хүлээн авч уулзлаа

2025-09-14 10:24:33

Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Бейсен, Хүнс, хөдөө аж ахуйн дэд хорооны дарга М.Мандхай нар Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын мал эмнэлгийн салбарын гүйцэтгэлийн чадавхийн үнэлгээний шинжээчдийн багийн ахлагч, доктор Руперто Викторияно Гонгора тэргүүтэй экспертүүдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Байнгын хорооны дарга Б.Бейсен, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлгийн ерөнхий газрын урилгаар эл салбарын гүйцэтгэлийн чадавхийн үнэлгээ хийхээр хүрэлцэн ирсэн экспертүүдтэй уулзаж буйд талархал илэрхийлээд Монгол Улсын Их Хурал мал аж ахуй, хүнс, хөдөө аж ахуй, газар тариалан, хөнгөн үйлдвэрийн салбарын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилт тавин ажиллаж байгааг онцлон тэмдэглэв.

Мөн Монгол Улсын Их Хурал сүүлийн жилүүдэд мал эмнэлгийн салбарыг олон улсын жишигт нийцүүлэх асуудалд онцгойлон анхаарч Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг 2017 онд Улсын Их Хурлаар баталж, энэ хүрээнд Мал эмнэлгийн ерөнхий газрыг байгуулан ажиллаж буйг дурдлаа.  

Ноён, доктор Руперто Викторияно Гонгора, Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага нь малын эрүүл мэндийн чиглэлээр стандарт тогтоодог бөгөөд энэ хүрээнд Монгол Улсын мал эмнэлгийн салбарын гүйцэтгэлийн чадавхийг үнэлж, энэ чиглэлээр явуулж буй үйл ажиллагааны давуу, сул талыг судалж, сайжруулах асуудалд зөвлөгөө өгөхөөр ажиллаж байна гэв. Тэрбээр Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль нь мал эмнэлгийн салбарын тогтолцоог ахисан түвшинд гаргахад чухал түлхэц болсныг тэмдэглээд өнөөдрийн хүрсэн өндөр түвшнээ цааш нь алдалгүйгээр хадгалахын тулд анхаарах асуудлаар өгөх зөвлөмж, урьдчилсан дүнг удахгүй танилцуулна хэмээв.

Улсын Их Хурлын Хүнс, хөдөө аж ахуйн дэд хорооны дарга М.Мандхай Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганаар Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,  Хөдөө аж ахуйн тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэх гэж байгааг дурдаад мал эмнэлгийн салбарын гүйцэтгэлийн чадавхийг үнэлгээг хийхдээ асуудлыг олон талаас нь судлан, өргөн цар хүрээгээр харж, ажиллахыг хүсэв. Түүнчлэн Мал эмнэлгийн салбарын үйл ажиллагааг тогтвортой хөгжүүлэхэд улсын төсвөөс гадна олон улсын түншлэл, технологийн дэмжлэг үзүүлэх, хамтын ажиллагааны төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, эл салбарын хүний нөөцийг бэлтгэх, бэхжүүлэх, лабораторийн чадавхыг сайжруулахад анхаарах шаардлагатай талаар санал хэлсний зэрэгцээ тус экспертүүдийн гаргах үнэлгээний тайлан, зөвлөмжид анхаарч, ач холбогдол өгч ажиллахаа илэрхийллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.


Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын экспертүүдийг хүлээн авч уулзлаа  
Үзсэн: 141 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй