Шууд Chart

“Улаанбаатар Трам” төслийн ТЭЗҮ-г нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжлээ

2025-09-12 17:59:47

НИТХ-ын Зөвлөлийн хурлаар Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн чанар, хүртээмжийг сайжруулах зорилготой “Улаанбаатар Трам” төслийн I, II шугамын Техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-ийг боловсруулж дууссаныг Төслийн удирдагч, НИТХ-ын төлөөлөгч Б.Ану-Үжин танилцууллаа.

Трам төслийн хүрээнд I, II шугам нэвтрүүлэх бөгөөд нэгдүгээр шугам нь “Зунжин” худалдааны төвөөс Сүхбаатарын талбай хүртэл, хоёрдугаар шугам нь Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбайг чиглэх юм. Төслийн эхний шугам нь нийт 11 км урттай, хос замтай бөгөөд 16 зогсоолтой байх бол хоёрдугаар шугам нь 15 км урт, 23 зогсоол бүхий хос шугам байх юм.

“Улаанбаатар Трам” төсөл нь 100 хувь цахилгаан хөдөлгүүртэй, байгаль орчинд ээлтэй, их багтаамжийн нийтийн тээврийн шинэ шийдэл юм. Энэхүү тээврийн системийг нэвтрүүлснээр автозамын түгжрэлийг бууруулахаас гадна автомашины хорт утаанаас үүдэлтэй агаарын бохирдлыг мэдэгдэхүйц хэмжээгээр бууруулна гэдгийг Төслийн удирдагч хэллээ. “Улаанбаатар Трам” төслийн танилцуулгыг Зөвлөлийн гишүүд сонсож, НИТХ-ын Ээлжит бус VII хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжлээ.

Эх сурвалж: НИТХ-ХМОНХА


“Улаанбаатар Трам” төслийн ТЭЗҮ-г нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжлээ  
Үзсэн: 134 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй