Шууд Chart

Х.Нямбаатар: Энэ онд хот тохижилтын салбарт 241 тусгай зориулалтын машин техникээр парк шинэчлэл хийгээд байна

2025-09-12 17:12:40

Улаанбаатар хотын тохижилт, үйлчилгээний салбарт өнөөдрийн байдлаар нийт 3600 гаруй ажилтан, албан хаагч ажиллаж байна.

Нийслэлээс Монгол Улсын Засгийн газарт санал оруулж, 2024 оноос “Тохижилт үйлчилгээний ажилтны өдөр”-ийг жил бүрийн есдүгээр сарын 2 дахь баасан гаригт тэмдэглэн өнгөрүүлэхээр тогтоосон.

Үүний дагуу өнөөдөр “Тохижилт үйлчилгээний ажилтны өдөр” тохиож байна. Нийслэлээс тохижилт, үйлчилгээний салбарт ажиллаж байгаа ажилтан, албан хаагчдын нийгмийн асуудал, цалин урамшууллын асуудалд анхаарч 2006 онд НИТХ-аар баталсан зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээний 1 метр квадрат талбайн тариф 50 төгрөг байсныг 2024 онд 70 төгрөг, зам цэвэрлэгээний сарын дундаж давтамж 4-6 байсныг 10-16-д хүргэсэн. Мөн хог тээврийн ажлын санхүүжилтийг гүйцэтгэлээр олгодог болсноор энэ салбарт ажиллаж байгаа хог тээврийн жолооч, ачигч, зам цэвэрлэгээний ажилчдын цалин 2022 онд 1.3 сая байсныг 2024 онд дундаж цалинг 3.5 саяд хүргээд байна.

Хотын дарга Х.Нямбаатар “Өнөөдөр цэвэр цэмцгэр, аюулгүй хотыг бий болгоход гол тулгуур багана нь болдог “Тохижилт үйлчилгээний ажилтны өдөр” тохиож байна. Намайг хотын даргаар томилсон 2023 онд хог тээвэр, зам талбайн цэвэрлэгээний тусгай зориулалтын машин техникүүдийн хүрэлцээ муу, өвлийн улиралд давс, бодисыг машин дээрээс гараар цацах, явган замын цас, мөсийг гараар болон цохиураар цохих, шүүрдэж цэвэрлэх зэрэг нь хэвийн үзэгдэл байсан. Энэ нь  байж болох хэвийн үзэгдэл мэт ухралт, хоцрогдол байсан. Энэ хэвийн бус нөхцөл байдал, хандлагыг халах, гар ажиллагааг багасгаж, орчин үеийн техник, тоног төхөөрөмжөөр парк шинэчлэл хийх ажлыг эхлүүлж, 2023 онд нийт 87 машин техник, 2025 онд 241 тусгай зориулалтын машин техникийн худалдан авалтыг хийгээд байна. Эдгээр машин техникийг 5 жилийн хугацаатай, урьдчилгаагүй, хүүгүй лизингээр гүйцэтгэгч байгууллагуудад гэрээлж өгснөөр санхүүгийн хүндрэлгүйгээр парк шинэчлэлээ хийх, цаашлаад сар бүрийн ашиглалтын төлбөрөөс сан үүсгэж парк шинэчлэлийг тогтмол тасралтгүй хийх боломжийг бүрдүүлсэн. Үүрийн гэгээнээс, үдшийн бүрий хүртэл хотоо цэвэр, тухтай байлгахын төлөө цаг наргүй хөдөлмөрлөж, Хүйтэн жавар, халуун нар, бороо, цастай нүүр тулан ажиллаж буй тохижилт үйлчилгээний ажилчдын хичээл зүтгэлийг үнэлж баршгүй” гэв.

Түүнчлэн хот нийтийн аж ахуйн салбарт ажиллаж буй 100 ажилтан, албан хаагчдын хүүхдийг Герман улсад суралцуулахаар сургалтад хамруулж буй. Хот нийтийн аж ахуйн салбарын чиг үүргийг дүүргүүдэд шилжүүлэх ажлыг эхлүүлж хог тээвэр, зам цэвэрлэгээ, ногоон байгууламж, гэрэлтүүлэг гэх мэт ажлын чиг үүргийг дүүргүүдэд шилжүүлэн ажиллах нөхцөлийг бүрдүүлж байна.

Хот тохижилтын салбарт цаашид авч хэрэгжүүлэх ажлууд:

  • Хууль зүйн орчныг сайжруулах, Хог хаягдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах,
  • Хог хаягдлыг боловсруулах үйлдвэрүүдийг бодлогоор дэмжих, татварын хөнгөлөлтөд хамруулах,
  • Хог хаягдал шатааж эрчим хүч гаргаж авах үйлдвэрүүдийг дэмжиж ажиллах,
  • Хог хаягдал тээвэр, зам талбайн цэвэрлэгээний ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хувийн хэвшилд шилжүүлэх ажлыг үргэлжлүүлэх, хог тээврийн үйлчилгээг хорооны засаг дарга нартай гэрээлж хариуцуулах,
  • Хог тээвэр, зам цэвэрлэгээний ажлыг орчин үеийн техник тоног төхөөрөмжөөр хийж гүйцэтгэх, шөнийн цагийн хуваарьт шилжүүлэх, хог хаягдлыг ангилан ялгах чиглэлд анхаарах,
  • Хот тохижилтын салбарт ажиллаж байгаа ажилтан, албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдэхэд анхаарч ажиллах юм.


Х.Нямбаатар: Энэ онд хот тохижилтын салбарт 241 тусгай зориулалтын машин техникээр парк шинэчлэл хийгээд байна  
Үзсэн: 123 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй