Шууд Chart

Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах чиглэлд Япон улстай хамтран ажиллана

2025-09-11 16:23:40

Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй хөгжлийн 24 мега төслийн хүрээнд агаарын бохирдлыг бууруулах зорилтын дагуу үе шаттай ажлууд хийж буй. 

Тодруулбал, нүүрсний хэрэглээг халах зорилгоор эхний ээлжид агаарын бохирдол ихтэй бүс болох Чингэлтэй, Баянгол дүүргийн таван хорооны 5000 өрхийг дулаалж, хийн халаагуурт шилжүүлэх ажлыг эхлүүлсэн.

Мөн 2025-2026 оны халаалтын улиралд нийслэлийн хэмжээнд түүхий нүүрсийг бүрэн хориглож, мидлинг, хагас коксон шахмал түлш хэрэглэхээр болсон билээ.

Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин Япон улсын Хотоос Хот хоорондын хамтын ажиллагааны багын гишүүдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар талууд Улаанбаатар хотыг нүүрстөрөгчөөс ангижруулах санаачилга, газрын гүний дулааны насос, цаашид хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж буй хөтөлбөрүүдийн талаар санал солилцсон юм.

НЗД-ын орлогч А.Амартүвшин “Нийслэлийн зүгээс агаарын бохирдлыг бүрэн шийдэхийн тулд нүүрсний хэрэглээг халах зорилт дэвшүүлэн газ, цахилгаан, сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлэх зэрэг ажлыг үе шаттай эхлүүлсэн. Энэ хүрээнд адил цаг ууртай Япон улсын Саппоро хотын туршлагаас судлах, JCM буюу Хамтарсан Кредит Олгох Механизм (ХКОМ)-аас хэрэгжүүлдэг төслүүдийг Улаанбаатар хотод нэвтрүүлэх хүсэлтэй байна” гэдгээ илэрхийлэв. 

Хамтарсан Кредит Олгох Механизмын хүрээнд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах төслүүдийг Япон улсын хөрөнгө оруулалтын дэмжлэгтэйгээр өндөр хөгжилтэй орнуудын байгальд ээлтэй, хүлэмжийн хий бага ялгаруулдаг техник, технологи, бүтээгдэхүүнийг Монгол Улсад нэвтрүүлэх боломжтой юм.

Уулзалтын төгсгөлд Япон улсын Хотоос Хот хоорондын хамтын ажиллагааны багийн гишүүн Фүжий Масанори “Юун түрүүнд хүлэмжийн хий ялгаруулж буй эх үүсвэрүүдийг өөрчилж эхэлсэн нь зүйтэй. Түүнчлэн эрчим хүчний хэмнэлт хийх буюу дулаан алдагдлыг бүрэн шийдвэрлэсний үр дүнд томоохон өөрчлөлтүүдийг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ. Иймд цаашид талуудын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд бүхий л талаар дэмжлэг үзүүлэн, Улаанбаатар хоттой илүү нягт хамтран ажиллах боломжтой” гэдгээ уламжиллаа.


Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах чиглэлд Япон улстай хамтран ажиллана  
Үзсэн: 148 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй