
Улаанбаатар хотын агаарын бохирдол, түгжрэлийг бууруулах, иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх зорилгоор 24 мега төслийг хэрэгжүүлж байна.
Энэхүү төслийн нэг нь болох “Нэгдүгээр тойрог зам” төслийн гүйцэтгэгчийг шалгаруулах нээлттэй тендерийг өнөөдөр зарлалаа.
Нийслэлийн авто замын сүлжээ хотын төв рүү чиглэн, Энхтайваны өргөн чөлөөний гол гудамж зам руу хуримтлагдаж түгжрэл үүсгэж байгаа тул “Шинэ тойрог зам” төслийг хэрэгжүүлэхээр болсон. Нийслэлийн дэд төвүүдийг холбох, олон түвшний огтлолцол бүхий энэхүү төслийн хүрээнд “Нэг, хоёрдугаар тойрог зам” барихаар төлөвлөсөн юм. “Нэгдүгээр тойрог зам” төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг БНХАУ-ын “Си Эс Си И Айком Консалтантс” ХХК болон “Хотын хүрээлэн буй орчны судалгааны хүрээлэн” боловсруулж, шат шатны мэргэжлийн байгууллагаар хэлэлцүүлэн батлуулсан. Нэгдүгээр тойрог зам нь Эрчим хүчний гудамж, Энхтайваны өргөн чөлөө, Толгойт, Баянхошууны уулзвар, Дэнжийн мянга, Хайлааст, 7 буудал, Да хүрээ, Хилчиний гудамж, Цагдаагийн академийн өргөн чөлөөгөөр дайран өнгөрч, Дүнжингаравын орчимд Туулын хурдны замтай хоёр түвшинд огтлолцоно. Төслийн хүрээнд хотын төвийг тойрон гарах зургаан эгнээ бүхий нийт 24.7 км урттай авто зам, найман байршилд олон түвшний огтлолцол бүхий уулзваруудыг төлөвлөсөн.
Тодруулбал, нийт урт 24.7 км, үүнээс авто замын урт 13.67 км, 9.03 км гүүр, 2.08км туннел байх бөгөөд олон түвшний нэвтрэх уулзвар 7, олон түвшний дайран өнгөрөх уулзвар 13, явган хүний гүүр 3, явган хүний нүхэн гарц 4-г тус тус төлөвлөсөн. Энэхүү төсөл хэрэгжсэнээр Энхтайваны өргөн чөлөө, гол гудамж замын ачаалал 13-20 хувиар буурах тооцоо гарсан. Түүнчлэн нэгдүгээр тойрог замын ТЭЗҮ-д дурдсанаар төслийн байгаль орчны үр нөлөөний хувьд тоосжилт 239 дахин буурч, зүлэгжүүлэлт, ногоон байгууламжийн талбай 16.6 дахин нэмэгдэж, тухайн орчин дахь хөрс, агаарын бохирдол буурна. Мөн хөрсний болон агаарын чийгшил тус бүр 10 дахин нэмэгдэх бол нарны хэт төөнөлт 21.5 дахин, хөрсний элэгдэл 40.2 дахин буурна. Үүнээс гадна хог хаягдлын зөөвөрлөлт 6.7 дахин нэмэгдэх ба зам тээврийн ослоос үүдэх хохирлын зардал 50 хувиар буурч, жилийн нийт эдийн засгийн үр өгөөж 74.8 сая ам.долларт хүрэх боломжтой гэж урьдчилсан тооцоо гарсан. Энэ нь зөвхөн дэд бүтцийн бус, нийгэм, эдийн засаг, байгаль орчны олон талт үр ашигтай бүтээн байгуулалт болохыг харуулж байна.
“Нэгдүгээр тойрог зам” төслийн гүйцэтгэгчийг шалгаруулах олон улсын тендерийг зарлалаа | ||
Үзсэн: 152 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.