
Ази, Номхон далайн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбооны 62 дугаар Ерөнхий Ассамблей Хөтөлбөрийн хорооны уулзалт тусгай илтгэлээр үргэлжилж байна.
МҮОНТ-ийн Захирал М.Эрдэнэбат "Соёлын өвийг хамгаалахад Үндэсний олон нийтийн телевизийн үүрэг, оролцоо" сэдвээр илтгэл тавилаа.
МҮОНТ-ийн захирал М.Эрдэнэбат "Монгол Улсад радиогийн анхны эфир цацсаны 91, Монгол Улсад телевизийн салбар үүсэж хөгжсөний 58 жилийн ойн баярын өмнөхөн бид эх орондоо, Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбооны ABU 62 дугаар чуулганыг зохион байгуулж байгаадаа баяртай байна. МҮОНТ бол Монгол Улсын ууган телевиз төдийгүй байгуулагдсан цагаасаа мэдээллийн эх сурвалж, эх хэл, соёл урлаг, зан заншлыг сурталчлах талбар болж цэцэглэн хөгжиж ирсэн. Өнөөдөр та бүхэнтэй би “Соёлын өвийг хамгаалахад Үндэсний олон нийтийн телевизийн үүрэг, оролцоо” сэдвийн хүрээнд ярилцах болно.
МҮОНРТ нь байгуулагдсан цагаасаа эхлэн, соёлын өвийг баримтжуулан үлдээх сурталчлах архивлах ажлуудыг хийсээр ирсэн. 1967 онд Монгол телевиз нэртэйгээр байгуулагдсан. МҮОНТ өв соёл, зан заншлын тухай нэвтрүүлэг, баримтат киног алтан сан хөмрөгтөө хадгалж байна.
Монгол Улс 2003 онд ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай Конвенцид нэгдэн орсноор хүн төрөлхтний өмнө болон олон улсын түвшинд Соёлын биет бус өвийг хадгалан хамгаалах, өвлөн уламжлуулах, түгээн сурталчлах чиглэлээр бүхий л хүчин чармайлтаа дайчлан ажиллах үүрэг хүлээж одоогийн байдлаар 17 өв ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгүүлж нийт хүн төрөлхтний өмнө асар их хариуцлага хүлээгээд байна.
2006 онд Монгол Улсад Олон нийтийн радио телевизийн тухай хууль батлагдаж Үндэсний соёл, урлаг, ёс заншил, үүх түүхийг хүндэтгэх, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн дээдлэх, хүрээлэн байгаа орчноо хамгаалахыг дэмжих зэрэг заалтууд орж ирснээр МҮОНТ-ийн үүрэг, бодлого чиглэл ч мөн дахин шинэ шатанд гарч, өв соёл уламжлалын нэвтрүүлгийг улам хүртээмжтэй болгох тал дээр илүү анхаарах шаардлага тулгарсан.
Тиймээс манай байгууллага дээрх хуулийн зүйл заалттай уялдуулан хөтөлбөр, нэвтрүүлгийн бодлогоо шинэчлэн Түүх өв уламжлал, Соёл урлагийн гэсэн хоёр редакцыг ажиллуулж уран бүтээлчдийг соёлын өвийн чиглэлээр мэргэшүүлэн ажиллаж байна. Хөтөлбөрийн бодлогодоо Соёл урлаг, Өв уламжлалын 6 нэвтрүүлгийг 7 хоног бүр тогтмол нийлүүлж мөн Цагаан сар, Үндэсний баяр наадам, Монгол бахархлын өдрүүд гэх мэт үндэсний том баяраар бүх редакц зан заншлын танин мэдэхүйн нэвтрүүлэг, баримтат кино, концерт, хөрөг, шууд дамжуулалт гэх зэрэг бүхий л хэлбэрээр үндэсний өв соёлоо олон нийтэд танилцуулж байна. Мөн “Нүүдэлчин” дэлхийн соёлын наадам, Монгол орны 21 аймагт зохион байгуулж буй үндэсний соёл, уламжлалтай холбоотой үйл ажиллагаанаас тогтмол мэдээ, сурвалжилга, шууд дамжуулалт хийж байна. Нийт хөтөлбөрийн 35-40 орчим хувийг соёл, уламжлалын нэвтрүүлэг эзэлж байна.
Үзэгчийн судалгаанаас харахад, нийгэмд соёлын өвийн тухай нэвтрүүлэг үзэх эрэлт хэрэгцээ их байна. Мэдээллийн урсгалын асар их хурдацтай өнөө цагт дэлхий ертөнц хүн төрөлхтөн даяаршихын хэрээр ондооших үйл явц түгээмэл болох хандлагатай байна. Даяарших тусам ондооших гэдэг нь өв соёлоо хайрлан хамгаалж, түгээн дэлгэрүүлэх үйл явц гэж ойлгож, харж нийтлэл нэвтрүүлгийнхээ бодлогод тусгадаг. Монголын үндэсний олон нийтийн телевиз анх байгуулагдсан цагаасаа эхлэн үндэсний соёл, урлаг, түүх, ёс заншил, уламжлалыг хүндэтгэх, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн дээдлэх зорилгоо нэр төртэйгээр биелүүлж өв уламжлалын нэвтрүүлгийг тасралтгүй бэлтгэсээр ирсэн" гэлээ.
М.Эрдэнэбат: Үзэгчийн судалгаанаас харахад нийгэмд соёлын өвийн тухай нэвтрүүлэг үзэх эрэлт хэрэгцээ их байна | ||
Үзсэн: 157 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.