
Хотжилт нэмэгдэх хэрээр бүс нутгийн бохир усны хэмжээ ихсэж, ахуйн болон үйлдвэрлэлийн их хэмжээний лаг, хаягдал гарч, Төв цэвэрлэх байгууламжийн хүчин чадал хангалтгүй болсон. Тиймээс нийслэлд шинээр Төв цэвэрлэх байгууламж барьж байгаа нь хоногт 2500000 м3 хүчин чадалтай бөгөөд энэ онд ашиглалтад орно. Харин үүнээс гарах их хэмжээний лагийг боловсруулж эрчим хүч үйлдвэрлэх төслийн урьдчилсан ТЭЗҮ-ийг баталж, Барилгын хөгжлийн төвөөр магадлуулаад байна.
“Лаг хатааж, шатааж эрчим хүч үйлдвэрлэх төсөл”-ийг нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд буюу Улаанбаатар хотын бохир ус цэвэрлэх байгууламжийн урд талын 40,000 ам.метр талбайд байгуулахаар төлөвлөсөн. Энэхүү төсөл нь жилд 511 мянган тонн лаг (80%-ийн ус агууламжтай) болон 18 мянган тонн ахуйн хог хаягдлыг боловсруулж, Улаанбаатар хотын бохир ус цэвэрлэх үйлдвэрийн лаг, хог булшлах талбайн ахуйн хог хаягдлын асуудлыг шийдвэрлэх юм. Тус төсөл нийт гурван жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд барилга угсралт болон ашиглалтын шатанд ажлын байр нэмэгдэж, хотын байгаль орчны нөхцөлийг сайжруулан, иргэдийн эрүүл мэндийн эрсдэлийг бууруулахад чухал ач холбогдолтой.
Улаанбаатар хотын шинэ төв цэвэрлэх байгууламжийн лагийн нөөцийн эрчим хүчийг ашиглах уг төслийг хэрэгжүүлснээр одоогийн бохир ус цэвэрлэх үйлдвэрийн үйл ажиллагааны ачааллыг шууд бууруулж, шинэ төв бохир ус цэвэрлэх үйлдвэрийн лагийн боловсруулалтын асуудлыг шийдвэрлэнэ.
ЛАГ ХАТААЖ, ШАТААХ ҮЙЛ ЯВЦ
- Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжаас гарсан ахуйн болон үйлдвэрийн лагийг усгүйжүүлэх гүн боловсруулалтын дараа шатаана.
- Хуучин лагийг шатаахын өмнө урьдчилан шүүж, хатаана.
- Гадна ахуйн хог хаягдлыг урьдчилан шүүж, шатаана.
- Шаталтаас үүссэн утааны хийг уурын зуухнаас гарган авч уурын турбины эрчим хүч үйлдвэрлэхэд голчлон ашиглах бөгөөд нам даралтын уурыг хатаагчийн дулааны эх үүсвэр болгон ашиглана.
- Шатаах явцад үүссэн утааны хийг "SNCR (зуухны доторх) +цахилгаан тунадас үүсгэгч+хагас хуурай хүчилгүйжүүлэх+ идэвхжүүлсэн нүүрс шахах + шүүлтүүр +нойтон хүчилгүйжүүлэх + сэнс" гэсэн стандартаар боловсруулж, дараа нь яндангаар гадагшлуулна.
- Шатаах болон утааны хийг цэвэршүүлэх явцад үүссэн үнсийг булах буюу барилгын материал болгон ашиглана.
Лаг хатааж, шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн урьдчилсан ТЭЗҮ-ийг батлаад байна | ||
Үзсэн: 211 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.