
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв БНСУ-ын Хөгжлийн хүрээлэнтэй хамтран хэрэгжүүлж буй “2024-2025 оны Мэдлэг хуваалцах хөтөлбөр”-ийн хүрээнд зохион байгуулсан “Монгол Улсад аж үйлдвэрийг хөгжүүлэх стратеги” төслийн эцсийн тайлангийн хэлэлцүүлэгт оролцлоо.
Хэлэлцүүлгийн үеэр Монгол Улсын аж үйлдвэрийн хөгжлийн бодлого, стратегийн хүрээнд баримтлах чиглэл, хөрөнгө оруулалт татах төлөвлөгөө болон аж үйлдвэрийн салбарын эдийн засаг, нийгэмд үзүүлэх нөлөө зэрэг асуудлаар санал солилцов.
Тус хөтөлбөрийн хүрээнд дээрх чиглэлээр судалгаа хийж, тодорхой төлөвлөгөө боловсруулан олон талын оролцоог хангаж хэлэлцүүлэг өрнүүлэв.
Энэхүү судалгааны тайлан нь бодлого боловсруулагч, хөрөнгө оруулагчдад шийдвэр гаргахад чухал суурь мэдээлэл өгөхөөс гадна үйлдвэрлэл, технологийн парк байгуулахын давуу тал, хөрш болон бүс нутгийн эрэлт, дотоодын зах зээлийн хэрэгцээ, хөрөнгө оруулалтын бодлогын зөвлөмжийг багтаажээ.
Судалгаагаар, Монгол Улс ган, зэс зэрэг ашигт малтмалын нөөцдөө тулгуурлан хүнд үйлдвэрийг хөгжүүлэх бүрэн боломжтойг тодотгож, боловсруулах үйлдвэрлэл хөгжсөнөөр 5–10 жилийн дотор нэг хүнд ногдох ДНБ 11,000 ам.доллар хүрэх тооцоо гарсан байна. Мөн боловсруулах үйлдвэрт оруулсан 1 ам.доллар нь 1.5–1.8 ам.долларболж өсөх боломжтой гэж дүгнэжээ.
Гэхдээ хүнд үйлдвэрлэл, үйлдвэрлэл-технологийн паркийг хөгжүүлэхэд мэргэжлийн боловсон хүчин хамгийн том сорилт болох учраас урьдчилан бодлогын арга хэмжээ авах шаардлагатайг онцолсон байна.
Энэ үеэр Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв “Манай улсад хүнд үйлдвэр дорвитой хөгжөөгүй ч бусдын сайн туршлага, шинэ технологийг нутагшуулж, бусад орны хүндрэлээс суралцан тойрч гарах боломжтой” гэв.
Харин Солонгосын Хөгжлийн хүрээлэнгийн Аж үйлдвэрийн бодлого судлалын хорооны гишүүн, төслийн удирдагч Сун Ён Гван “Солонгос улсад ашигт малтмалын нөөц байхгүй ч боловсруулах үйлдвэрийн арвин туршлагатай. Энэхүү судалгаа хоёр орны хамтын ажиллагаанд шинэ хуудас нээх болно” хэмээн тодотголоо гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ.
БНСУ-ын Хөгжлийн хүрээлэнтэй хамтран Монгол Улсын хүнд үйлдвэрийг хөгжүүлэх стратеги боловсруулав | ||
Үзсэн: 224 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.