
Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын зөвлөлийн өргөтгөсөн хурал болж, 21 аймаг, 9 дүүргийн Нийгмийн даатгалын газрын дарга нар цахимаар оролцлоо.
Хурлаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдтай байгуулсан гүйцэтгэлийн төлөвлөгөөний эхний хагас жилийн биелэлтийн танилцуулга, Үндэсний аудитын газраас хийгдсэн аудитаар өгсөн акт, албан шаардлагын биелэлтийн танилцуулга, Чингис хаан банк, Капитал банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчаас нэхэмжилсэн төлбөрийн барагдуулалтын танилцуулга, сумын байцаагч нар нийгмийн даатгалын мэдээллийн SICOS системд ажиллаж эхлэх ажлын явц зэрэг 8 асуудлыг хэлэлцлээ.
Үндэсний аудитын газраас хийгдсэн аудитаар өгсөн акт, албан шаардлага, зөвлөмжийн биелэлтэд онцгой анхаарч хэрэгжилтийг ханган, ирэх 10 дугаар сарын 01-ний өдөр танилцуулах чиг үүргийг даргын зөвлөлөөс гаргалаа.
Нийгмийн даатгалын байгууллага Капитал банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч болон Чингис хаан банкнаас нэхэмжилсэн нийгмийн даатгалын сангийн авлагыг төлүүлэхээр шуурхай арга хэмжээг авч ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар Капитал банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч 104.2 тэрбум төгрөгийн өр барагдуулахаас нийгмийн даатгалын санд 40.2 тэрбум төгрөгийг барагдуулж / мөнгөн хөрөнгөөр 13.8 тэрбум төг, хөрөнгөөр: 26.2 тэрбум төг/, 64.2 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй, харин Чингис хаан банк 103.5 тэрбум төгрөгийн өр барагдуулахаас 16.2 тэрбум төгрөгийг / мөнгөн хөрөнгөөр: 11.1 тэрбум төг, хөрөнгөөр: 5.07 тэрбум төг/ барагдуулж 87.3 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна.
Нийгмийн даатгалын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхээр 2025 онд багтаан 330 суманд нийгмийн даатгалын мэдээллийн SICOS системийг нэвтрүүлэх зорилтыг тавин ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд ирэх 10 дугаар сард сумдад SICOS системийг нэвтрүүлэх туршилтын ажлыг эхлүүлэхээр холбогдох газрууд бэлтгэл ажлаа хангаад байна.
Дээрх ажилтай холбоотойгоор үүсэх асуудлуудыг тодорхойлж шийдвэрлэн, албан хэрэглээнд нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэхийг Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга үүрэг болголоо гэж Нийгмийн даатгалын ерөнхий газраас мэдээллээ.
Ирэх сараас сумдад Нийгмийн даатгалын мэдээллийн шинэ SICOS системийг нэвтрүүлэх туршилтыг хэрэгжүүлнэ | ||
Үзсэн: 249 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.