Шууд Chart

Эрдэнэт үйлдвэр түүхэн дээд амжилт үзүүлж, нөөцөө шинэчлэн тогтоожээ

2025-09-07 12:00:44

Эрдэнэт үйлдвэр жилд 41 сая тонн хүдэр олборлож, 38 сая тонн хүдэр боловсруулсан нь тус үйлдвэрийн түүхэнд хамгийн дээд амжилт болжээ. 

Эрдэнэтийн ордын хүдрийн нөөц анх 1972 онд 521.7 сая тонн буюу 34 жил ашиглах нөөцтэй гэж тооцож байв. 1989, 2016, 2021, 2025 онуудад нөөцийг шинэчлэн тогтоож, өдгөө 3.4 тэрбум тонн нөөцтэй, ашиглах хугацааг 2079 он  гэж тогтоожээ. 

JORC стандартаар 3.4 тэрбум тонн хүдэр, 11.3 сая тонн цэвэр зэсийн нөөцтэй буюу энэ нөөцөөр цаашид багадаа 55 жил ажиллах боломжтой гэж тус үйлдвэрийн Ерөнхий захирал Г.Ёндон танилцуулав. 

Уурхай гүнзгийрэхийн хэрээр хүдрийн агуулга буурч, хатуулаг нэмэгджээ. Хүдрийн зэсийн агуулга анх 0.89 хувь байсан бол өдгөө 0.36 хувь болж буурсан байна. Ирээдүйд 0.24 хувь болж буурна гэсэн зураглал гарчээ. 

Гэхдээ хүдэр боловсруулах хүчин чадлыг нэмэгдүүлж, жилд 40 сая тоннд хүргэсэн учраас үйлдвэрлэлийн түвшинг бууруулахгүйгээр урт хугацаанд тогтвортой, үр ашигтай ажиллах бололцоо бий болжээ. 

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 7000 гаруй ажилтантай. Уурхайчдын тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг сайжруулах, мэргэжил дээшлүүлэх, амьдралын түвшнийг ахиулах буюу хүний хөгжлийг дэмжсэн бодлогыг тэргүүлэх чиглэл болгож ажиллахыг Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудад үүрэг болгов. 

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Орхон аймагт ажиллаж байна. Энэ хүрээнд өнөөдөр /2025.09.07/ “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын уурхайчидтай уулзлаа.


Эрдэнэт үйлдвэр түүхэн дээд амжилт үзүүлж, нөөцөө шинэчлэн тогтоожээ  
Үзсэн: 176 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй