Шууд Chart

Ерөнхий сайд Г.Занданшатар Дорнын эдийн засгийн X чуулга уулзалтын өргөтгөсөн хуралдаанд үг хэллээ

2025-09-05 17:02:09

Арав дахь жилдээ зохион байгуулагдаж буй Дорнын эдийн засгийн чуулга уулзалт энэ жил “Алс Дорнод-Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх хамтын ажиллагаа” сэдвийн хүрээнд болж байна.

Улс орнуудын төр, засгийн газрын тэргүүн, гишүүд, улстөрчид, бизнес эрхлэгч, олон улсын байгууллагын төлөөлөгчид Владивосток хотод цуглан, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, хөрөнгө оруулалт татах, технологийн төслүүдийг хэрэгжүүлэх, гарааны бизнесийг эхлүүлэх зэрэг шинэ боломжийг энэ үеэр эрэлхийлдэг юм. 

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өргөтгөсөн хуралдаанд хэлсэн үгэндээ “Алс Дорнодын бүс нутаг дахь худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэн тэлэх, дэлхийн улс орнууд, тэр дундаа Зүүн болон Зүүн Өмнөд Азийн улс орнуудтай хийж буй худалдаа, хөрөнгө оруулалтыг өргөжүүлэх сонирхол бидэнд бий. Газар зүйн давуу талаас гадна байгалийн баялаг, бүтээмж өндөр, чадварлаг хүний нөөц зэрэг асар их боломж бий. Засгийн газрын зүгээс эдгээр боломжийг ашиглаж, хөрөнгө оруулалт, худалдаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр бодлогын арга хэмжээнүүдийг үе шаттай хэрэгжүүлж байгаа бөгөөд бодитой үр дүнд хүрээд байна. Манай улсын эдийн засаг сүүлийн гурван жилд дунджаар 5.9 хувь өсөж, бүс нутгийн хэмжээнд тогтвортой хөгжлийг хангахад хувь нэмэр оруулж байна. Засгийн газраас үргэлжлүүлэн эдийн засгийг төрөлжүүлэх, макро эдийн засгийн тогтвортой байдлыг бататгах, бизнес ба хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэх, гадаад худалдааны нээлттэй байдлыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна” хэмээн онцлон тэмдэглэлээ. 

Монгол Улс Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад 2016 оноос хойш Ерөнхийлөгчийн түвшинд дөрвөн удаа, Ерөнхий сайд, Гадаад харилцааны болон Сангийн сайдын түвшинд тус бүр нэг удаа, нийт долоон удаа оролцжээ. Манай улс ОХУ-тай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгч, энэхүү чуулга уулзалтад дээд, өндөр түвшинд оролцож ирсэн. Энэ жилийн чуулга уулзалтад 36 орны 6000 гаруй төлөөлөгч оролцож байна. 

Дорнын эдийн засгийн X чуулга уулзалтын хөтөлбөрт бизнесийн 90 орчим арга хэмжээ багтжээ. Тухайлбал, АСЕАН-ын бизнесийн зөвлөлийн хуралдаан, Арктикийн бүс нутаг дахь худалдаа, хөрөнгө оруулалтын талаарх бага хурлууд болсон бөгөөд “Шонхор шувууны өдөрлөг” арга хэмжээг гурав дахь жилдээ зохион байгууллаа.  

 


Ерөнхий сайд Г.Занданшатар Дорнын эдийн засгийн X чуулга уулзалтын өргөтгөсөн хуралдаанд үг хэллээ  
Үзсэн: 191 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй