
Бүгд Найрамдах Франц Улсын Элчин сайд хатагтай Коринн Пэрераг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр хоёр улсын хамтын ажиллагааг бүх чиглэлээр гүнзгийрүүлэх, тэр дундаа онцгой байдлын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар харилцан санал солилцов.
Франц Улс нь Монгол Улсын гуравдагч хөрш, Европ дахь итгэлт түншийн нэг юм. Хоёр улс олон салбарт амжилттай хамтран ажиллаж ирсэн бөгөөд цаашид энэхүү хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах эрмэлзэлтэй байгаагаа талууд илэрхийлэв.
Уулзалтын эхэнд 2025 онд Монгол Улсын Засгийн газар болон Францын “Орано Майнинг” компанийн хооронд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээг онцлон дурдлаа. Энэхүү гэрээ нь 27 жилийн турш яригдсан томоохон төслийг бодитой ахицтайгаар урагшлуулах чухал алхам болсон гэдгийг талууд тэмдэглэв.
Монгол Улсын Засгийн газар сүүлийн 20 жилийн хугацаанд Онцгой байдлын байгууллагын бүтэц, зохион байгуулалт, техник хэрэгсэл, хүний нөөцийн чадавхыг шат дараатай сайжруулж ирсэн. Энэ хүрээнд Францын хөнгөлөлттэй зээлээр “Агаараас аврах ажиллагааны нэгжийн чадавхыг бэхжүүлэх” төслийн хоёрдугаар шатыг амжилттай хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд агаараас аврах, эрэн хайх ажиллагаанд ашиглах нисдэг тэрэг, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж худалдан авах, бүс бүрд шинэ аврах нэгжүүд байгуулах, инженер, техникч нарыг Франц улсад сургаж, мэргэшүүлэх зэрэг зорилтуудыг хэрэгжүүлж байгаа юм.
Сүүлийн жилүүдэд байгалийн аюулт үзэгдлийн давтамж нэмэгдсэн нь үндэсний сөрөн тэсвэрлэх, хариу арга хэмжээ авах чадавхыг бэхжүүлэх зайлшгүй шаардлагыг бий болгож байна. Иймд бидний зүгээс цаашид төслийн гуравдугаар шатыг эхлүүлж, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Тодруулбал, одоогийн 4 хүн тээвэрлэх хүчин чадалтай нисдэг тэргүүдийг 20–30 хүний багтаамжтай, их хэмжээний ус тээвэрлэх боломжтой, орчин үеийн онгоцуудаар солих, ой хээрийн түймэртэй тэмцэхэд зориулсан зориулалтын техник хэрэгслээр хангах, зөвхөн Улаанбаатар хотод бус, бүс бүрд агаараас аврах, эрэн хайх ажиллагааны нэгжүүдийг байгуулах шаардлагатайг онцоллоо.
Энэ онд Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож буй энэ онцгой жилд талууд хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн, олон салбарт шинэ түвшинд гаргахаар зорьж буйгаа илэрхийллээ.
Франц улстай онцгой байдлын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлнэ | ||
Үзсэн: 144 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.