Шууд Chart

УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл Шинэ Зеланд Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунлид бараалхлаа

2025-09-02 16:13:57

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Шинэ Зеланд Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли-д Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл тэргүүтэй гишүүд өнөөдөр бараалхлаа.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл эрхэмсэг ноён Жерард Браунли тэргүүтэй төлөөлөгчдийг Монгол Улсад айлчилж буйд баяртай байна хэмээгээд, 2025 оны 02 дугаар сард УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд Шинэ Зеланд Улсад айлчлах үеэр тус улсын парламентын гишүүд халуун дотно хүлээн авсанд дахин талархал илэрхийлэв.

Тэрбээр Шинэ Зеланд Улсын парламентын туршлагыг нэвтрүүлэн 2025 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Монгол Улсын Их Хурлын тухай болон холбогдох хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлуулан Ерөнхий сайдын мэдээллийн цагийг Улсын Их Хурлын асуулгын цаг болгон өөрчилсөн талаар дурдав.

Мөн Монгол, Шинэ Зеланд улсууд парламентын ардчиллыг эрхэмлэдэг гэдгийг тодотгоод, тус улсын парламентын туршлагаас суралцаж, ил тод байдал, хяналт, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхийг зорьж буйгаа илэрхийлсэн юм.

Шинэ Зеланд Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли, Хоёр орны парламентын гишүүдийн тоо ойролцоо, тулгарч буй сорилтууд ч ижил төстэй хэмээгээд, хоёр улсын хооронд ардчилсан засаглалын талаар яриа хэлэлцээ явуулахыг дэмждэгээ илэрхийлэв.

Эрхэмсэг ноён Жерард Браунли манай хоёр орны харилцаа хөдөө аж ахуй, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр амжилттай хөгжиж ирснийг дурдаад, ардчилсан тогтолцоог бэхжүүлэх асуудлаар харилцан туршлага судалж ирснийг тодотголоо.

Уулзалтын үеэр сонгуулийн холимог тогтолцооны давуу тал, тулгарч буй сорилт, парламентад суудалтай намуудын онцлог, хоёр улсын парламентын төстэй болон онцлог талуудын талаар санал солилцов.

Уулзалтад УИХ дахь Монгол-Шинэ Зеландын парламентын бүлгийн дарга С.Эрдэнэболд, УИХ-ын гишүүн А.Ганбаатар, Г.Ганбаатар, Б.Жаргалан, Х.Тэмүүжин нар оролцлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.


УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл Шинэ Зеланд Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунлид бараалхлаа  
Үзсэн: 180 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй