Афганистаны зүүн нутгийн Кунар мужид орон нутгийн цагаар ням гарагийн шөнө газар хөдөлж, 250 хүн амиа алдаж, 500 гаруй хүн гэмтсэн талаар тус улсын Үндэсний радио, телевиз мэдээллээ. АНУ-ын Геологийн албаны мэдээлснээр, газар хөдлөлт наймдугаар сарын 31-ний 23:47 цагт 6.0 магнитудын хүчтэй болсон бөгөөд голомт нь Нангархар мужийн төв Жалалабад хотоос зүүн хойш 27 км зайд, 8 км-ийн гүнд байжээ.

Аврах багууд харилцаа холбоо хязгаарлагдмал, алслагдмал бүс нутгуудад хүрч ажиллаж байгаа тул хохирлын хэмжээ одоогоор урьдчилсан байдлаар тогтоогдож байгаа бөгөөд албаныхан гамшигт нэрвэгдсэн ард иргэдэд тусламж үзүүлэхээр ажиллаж байна.

Газар хөдлөлтийн улмаас нийслэл Кабул хотод хүчтэй чичирхийлэл мэдрэгдэж, зарим нутгаар интернэтийн сүлжээ тасарсан байна.