
Европын комиссын дарга Урсула фон дер Лейен Financial Times сонинд өгсөн ярилцлагадаа, Европын улс орнууд Орос-Украины мөргөлдөөн дууссаны дараа Украинд цэрэг илгээх тодорхой төлөвлөгөө боловсруулж буйг мэдэгдлээ. Түүний хэлснээр, энэ нь Украины аюулгүй байдлын баталгааны нэг хэсэг болох юм. Уг мэдээллийг "Financial Times" наймдугаар сарын 31-нд нийтэлжээ.
Фон дер Лейений хэлснээр, Франц, Их Британи тэргүүтэй “сайн дурынхны холбоо” гэх улс орнууд хэдхэн хоногийн өмнө Батлан хамгаалахын сайд нарын түвшинд уулзаж, олон улсын хамтарсан цэргийн хүч бүрдүүлэх асуудлыг хэлэлцэн “нэлээд тодорхой төлөвлөгөө” гаргасан байна.
Энэ асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэх уулзалтыг Францын ерөнхийлөгч Эммануэль Макроны урилгаар есдүгээр сарын 4-нд Парист зохион байгуулах бөгөөд Германы канцлер Фридрих Мерц, Их Британийн ерөнхий сайд Кир Стармер, НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте болон Урсула фон дер Лейен нар оролцох аж. Уг мэдээллийг тус асуудалд ойр гурван дипломат эх сурвалжийн мэдэгдлээс иш татжээ.
Мөн Европын холбоо болон түүний түншүүдийн төлөвлөж буй цэргийн хүчинд АНУ дэмжлэг үзүүлэхээр тохиролцсон талаар Фон дер Лейен дурдсан байна.
Тодруулбал, хэдэн арван мянгад хүрэх энэ цэргийн хүчнийг Европын тал удирдаж, АНУ команд, хяналтын систем, тагнуул, тандалт зэрэгт дэмжлэг үзүүлэхээр болсон байна. Наймдугаар сарын 18-нд Цагаан ордонд болсон АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, Украины ерөнхийлөгч Володимир Зеленский болон Европын зарим удирдагчдын уулзалтын үеэр ийм тохиролцоонд хүрсэн гэж "Financial Times" мэдээлжээ.
Европын холбоо Украинд цэрэг илгээх төлөвлөгөө боловсруулж байна | ||
Үзсэн: 179 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.