
Монгол Улсад үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа эхэлсний 30 жилийн ойн цан цохих ёслол өнөөдөр боллоо. Хүндэтгэлийн арга хэмжээнд Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц, “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дөлгөөн, "Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо"-ны УЗ-ийн дарга Г.Энхбат болон "Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо"-ны ахмадын зөвлөл, 30 жилийн өмнө арилжаанд оролцож байсан анхны 29 брокерын төлөөлөл оролцлоо.
Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц цон цохих ёслолыг нээж “Монгол Улсад үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа эхэлсний 30 жилийн ой өнөөдөр тохиож байна. Өмнө нь зөвхөн хувьцаа, компанийн өрийн хэрэгсэл, Засгийн газрын үнэт цаас гэсэн 3 төрлийн санхүүгийн хэрэгсэл л арилжаалагддаг байсан бол өнөөдөр 100 гаруй нэр төрлийн шинэ бүтээгдэхүүнтэй, шинэ мэргэжлийн институцуудтэй, санхүүгийн шинэ үйлчилгээнүүдтэй, бүс нутгийнхаа хэмжээнд өрсөлдөхүйц том зах зээл болон хөгжөөд байна.
Санхүүгийн зохицуулах хороо олон тулгуурт, хүртээмжтэй, ухаалаг санхүүгийн зах зээлийг хөгжүүлэхийг зорилтоо болгож тэр дундаа хөрөнгийн зах зээлээ хөгжүүлэх чиглэлд нэлээдгүй анхаарч ажилласан. Ялангуяа биржийн бус зах зээлийг бий болгох, давхар бүртгэлийн орчныг бүрдүүлэх, арилжааны шимтгэл, хураамжийг бууруулж, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт бүхий эрх зүйн орчныг нутагшуулах, үнэт цаасны зах зээлийн зохицуулалтыг сайжруулж, олон улсын жишигт нийцүүлэх, мэргэжлийн хөрөнгө оруулагчдын суурийг нэмэгдүүлэх чиглэлд бодлого, зохицуулалтын цогц арга хэмжээг хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд зах зээлийн үнэлгээ өнөөдрийн байдлаар 12.3 их наядыг даваад байна.
Цаашид ч бид хөрөнгийн зах зээлээ хөгжүүлэх хүрээнд бүтээгдэхүүний нэр төрлөө нэмэгдүүлэх, дотоодын аж ахуй нэгжүүдийн үнэт цаас гаргах, гадаадын бирж дээр давхар бүртгэгдэх, хадгаламжийн бичиг гаргах, гадаадын хөрөнгө оруулагчдын оролцоог сайжруулж, үнэт цаасны хөрвөх чадварыг өсгөх бодлогыг баримтлан ажиллана” гэдгийг онцолсон юм.
Сонирхуулахад, одоогоос 30 жилийн өмнө буюу 1995 онд зах зээлийн үнэлгээ 11.6 тэрбум төгрөг байсан бол өдгөө уг үзүүлэлт 1060 дахин өсөж, зах зээлийн үнэлгээ 12.3 их наяд төгрөгийг даваад байна.
Үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа эхэлсний ойд зориулж цан цохилоо | ||
Үзсэн: 109 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.