
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Ойн газар”-тай хамтран ажиллах, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх уулзалтад Зэвсэгт хүчний Жанжин штабын орлогч дарга бригадын генерал Б.Баатар, Хуурай замын цэргийн командлагч хошууч генерал Ч.Цогтжаргал болон албаны холбогдох хүмүүс оролцож санал солилцлоо.
Зэвсэгт хүчин “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Ойн газар”-тай 2023 онд хамтран ажиллах санамж бичгийг байгуулан өнөөг хүртэл хамтран ажиллаж байгаа юм.
Энэхүү санамж бичгийн хүрээнд хийгдсэн томоохон ажлын нэг нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг, “Шинэ Хархорум” хотын ногоон байгууламжид ойн зурвас байгуулах ажил өнгөрөгч VI сард хийгдэж одоогоор Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн бүрэлдэхүүн “Эрдэнэт ТӨҮГ”-тай хамтран таригдсан модны арчилгаа, усалгааг зохион байгуулж байна.
Мөн уулзалтаар Батлан хамгаалах салбарт “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлж эхэлснээс хойш хийгдсэн төсөл, хөтөлбөр, ажил, арга хэмжээний тухай товч танилцуулж, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Энэхүү уулзалтаар Зэвсэгт хүчний мод үржүүлгийн төвүүдийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг авах, орон нутагт мод тарихад мэргэжлийн байгууллага, хүний зөвлөгөөг авч ажиллах, хүн, хүчний болон техник, тоног төхөөрөмжийн тусламж, дэмжлэгийг харилцан үзүүлэх, мод үржүүлгийн газар байгуулахад шаардлагатай байгаа газрын асуудалд дэмжлэг үзүүлэх талаар, ойн зурвас, ойн төгөл байгуулахын ач холбогдол, ойн сан бүхий газар нутгаас түлээ, түлшний гоожин бэлтгэх, зулзаган модны суулгац бэлтгэн авч болох талаар, говийн бүсэд болон бусад орон нутагт мод тарих үед урсгал зардалд дэмжлэг үзүүлж болох эсэх, ойн мэргэжилтэй хүний нөөцийн асуудлаар, гадаадын болон дотоодын, төрийн болон төрийн бус байгууллагаас зарлаж буй төсөл, хөтөлбөр дээр хамтран ажиллах талаар ярилцсан юм.
Уулзалтын төгсгөлд иргэн бүр мод тарих нь Монгол орны болон дэлхий нийтийн хүмүүсийн зайлшгүй хийх арга хэмжээ болсон тул ард, иргэдийг мод тарихад нь дэмжлэг үзүүлж, хүн бүрийг мод тарих хүсэл, сонирхолд уриаллаа гэж Зэвсэгт хүчний жанжин штабаас мэдээллээ.
Ойн газартай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх уулзалт хийлээ | ||
Үзсэн: 109 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.