Шууд Chart

Дэлхийн 25 орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Улаанбаатар хотноо чуулж байна

2025-08-25 15:59:44

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт” Шангри-Ла зочид буудалд эхэллээ. “Урам зориг өгөх-нөлөөлөл үзүүлэх, хөрөнгө оруулах” (Inspire-Impact-Invest) гэсэн уриатай чуулга уулзалтад 25 орны 230 гаруй зочин төлөөлөгч оролцож байна.

Эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоог нэмэгдүүлэх нь зөвхөн бизнесийн хөгжил бус, улс орны тогтвортой хөгжил, ирээдүйн баталгаа гэж үздэг.

Энэ удаагийн чуулга уулзалт нь:

  • Хамтын ажиллагааны шинэ гүүр,
  • Мэдлэг, туршлага солилцох талбар,
  • Хөрөнгө оруулалтын шинэ боломж,
  • Хүйсийн тэгш байдлыг бодитоор дэмжих алхам юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх чуулга уулзалтыг нээж үг хэллээ.

Тэр бээр, дэлхий нийтээрээ улс төр, нийгэм, эдийн засгийн олон сорилт, бэрхшээлтэй энэ үед ажлын байраа хадгалан, улс орныхоо төдийгүй дэлхийн эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулж байгаа бизнес эрхлэгч, баялаг бүтээгч, хөрөнгө оруулагч эмэгтэйчүүдэд талархал илэрхийллээ.

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүд бичил, жижиг, дунд үйлдвэрлэл, инновац, ногоон эдийн засаг, орон нутгийн хөгжил зэрэг олон салбарт манлайлж, нийгмийн хариуцлагаа ухамсарлан, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд үлгэр дуурайл болж байгааг тэмдэглэв.

Цаашид эмэгтэйчүүд бизнес эрхлэх тэгш боломжийг бүрдүүлэх, санхүүгийн эх үүсвэрээс тэгш хүртдэг байх, инновац, цахим шилжилт, ногоон эдийн засгийн хөгжилд эмэгтэйчүүдийн манлайлал, оролцоог дэмжих бодит алхмуудыг улс орнууд цаг алдалгүй хийх шаардлагатайг онцоллоо.

Энэ чуулга уулзалт нь бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн түншлэл, нөхөрлөл, ажил хэргийн холбоог улам бэхжүүлж, илүү тэгш, илүү хүртээмжтэй, илүү энэрэнгүй ирээдүйг цогцлооход хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Мөн  Монгол Улс цаг ямагт түншлэл, хамтын ажиллагаа, эв нэгдлийн бат бөх гүүр байх болно гэдгийг хэлж, ирээдүйн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг бэлтгэж, хөгжин дэвших тэгш боломж бий болгохын төлөө дэлхий нийтээрээ хамтдаа зүтгэхийг уриаллаа.

Чуулга уулзалтаар эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоог нэмж, манлайллыг төлөвшүүлэх, санхүү, хөрөнгө оруулалтын хүртээмж, дижитал өөрчлөлт ба инновац, ногоон хүртээмжтэй эдийн засгийг цогцлооход бизнес эрхлэгчдийн үүрэг, оролцоо, дижитал эдийн засаг дахь эмэгтэй экспортлогчдыг дэмжих зэрэг салбар хуралдаан болно.

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүд жендерт суурилсан эдийн засаг, бизнесийн бодлого, хүний нөөц, хөрөнгө оруулалтыг дэмжих, зах зээлд өрсөлдөх чадвараа дээшлүүлэх,  тулгарч байгаа хүндрэл, бэрхшээлээ хамтдаа даван туулахыг зорих юм.

Чуулга уулзалт манай улсыг бүс нутгийн хэмжээнд жендерийн манлайлал, эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоог дэмжигч улс орон гэдгийг бататгаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд урам зориг, боломж өгч, ирээдүйгээ хамтран бүтээх талбар болно гэж үзэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эмэгтэйчүүдийн эрх тэгш байдлыг хангах, шийдвэр гаргах түвшин дэх оролцоог нэмэх шаардлагатай гэж үздэг.

Энэ хүрээнд 2022 онд “Олон улсын энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн бага хурал”, 2023 онд дэлхийн Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт, өнгөрсөн онд НҮБ-тай хамтран “Дэлхийн эмэгтэйчүүдийн форум”-ыг зохион байгуулсан.

Энэ удаагийн “Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ыг Ерөнхийлөгчийн Тамгын газар,  Гадаад харилцааны яам, МҮХАҮТ хамтран зохион байгуулж байна.


Дэлхийн 25 орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Улаанбаатар хотноо чуулж байна  
Үзсэн: 146 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй