
Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор Дүүжин замын тээвэр төслийг хэрэгжүүлж байна.
Яармагаас Өнөр хороолол чиглэлд 4.2 км үргэлжлэх Дүүжин замын тээвэр төслийн нэгдүгээр шугам 6.45-42 метр өндөр 19 ширхэг тулгуур багана, хоёр зогсоолтой баригдана. Өнөөдрөөс тулгуур баганыг суурилуулж эхэллээ.
"Пома" группийн төслийн талбайн инженер Жоан Антонин “Эхний ээлжид 20 метрийн өндөртэй тулгуур баганыг суурилуулж босголоо. Ил харагдах энэхүү тулгуур багана нь 20 метрийн өндөртэй боловч, мөн газрын гүнээс доош 9 метр шон суурь цутгасан. Ингэхдээ газар хөдлөлтөд тэсвэртэй байх, геологийн онцлог нөхцөл зэрэг олон улсын стандарт шаардлагыг мөрдөж, аюулгүй технологи бүхий бүтээн байгуулалтыг хийж байна. Төслийн хамгийн өндөр тулгуур багана нийт 42 метр байх бөгөөд энэхүү бүтээн байгуулалтын ажлыг “Моннис” компанийн туршлагатай, мэргэжлийн баг бидэнтэй хамтран хийж гүйцэтгэж байгаа. Төслийн бүтээн байгуулалтын ажлыг эхлэхээс өмнө бидний зүгээс туслан гүйцэтгэгч компанийн ажилтнуудад дадлага олгох зорилгоор үе шаттай сургалт оруулсан” гэв.
Дүүжин тээврийн тулгуур багана нь шугамын тогтвортой байдал, аюулгүй ажиллагааг хангах үндсэн бүтцийн хамгийн чухал хэсэг. Тиймээс тулгуур багана болон бусад тоног төхөөрөмж, эд ангиудыг Бүгд Найрамдах Франц Улсаас буюу Помагийн үйлдвэрээс бүрэн нийлүүлж байна.
“Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ-ын захирал Э.Түвшинжаргал “Дүүжин замын тээвэр төсөл нь нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэхээс гадна агаар, орчны бохирдлыг бууруулах, байгальд ээлтэй, ногоон шийдэл гэдгээрээ дэлхийд хүлээн зөвшөөрөгддөг. Энэхүү төслийг хэрэгжүүлэхийн өмнө Дүүжин замын тээврийн Европын Холбооны стандартыг монголд нутагшуулсан. Тухайлбал, “Хүн тээвэрлэх зориулалттай дүүжин замын тээврийн байгууламжийн аюулгүй байдлын шаардлага”-тай холбоотой 15 стандартыг Стандарт, хэмжил зүйн газрын Авто тээврийн стандартчиллын техникийн хороогоор батлуулан, MNS бүртгэлд шилжүүлээд байна” гэлээ.
Дүүжин замын тээврийн үндсэн бүтцийн хамгийн чухал хэсэг тулгуур баганыг суурилуулж эхэллээ | ||
Үзсэн: 147 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.