
Нийслэлийн удирдах ажилтнуудын өнөөдрийн шуурхай зөвлөгөөний үеэр "Замын хөдөлгөөний удирдлагын төв" ОНӨТҮГ-ын захирал Ч.Хувьзаяа хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах талаар авч хэрэгжүүлж буй ажлын талаар танилцууллаа.
Эхний ээлжид Энхтайваны өргөн чөлөө орчимд чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээг бүрэн чөлөөлж байна.
Ингэснээр нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлж, нийтийн тээвэр дунджаар 10-13 км.цаг хурдтай явах боломж бүрдэнэ.
Түүнчлэн Улаанбаатар хотын гол гудамж, замын 15 байршилд зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд саад болж байгаа автомашинуудыг цэгцэлж байна.
Энэ талаар "Замын хөдөлгөөний удирдлагын төв" ОНӨТҮГ-ын захирал Ч.Хувьзаяа “Хичээлийн шинэ жил эхлэхэд замын хөдөлгөөний ачаалал нэмэгддэг. Үүнтэй холбогдуулан Нийтийн тээврийн бодлогын газар, Тээврийн цагдаагийн алба, Замын хөдөлгөөний удирдлагын төв хамтарсан шуурхай баг ажиллаж байна. Нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлж, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор Энхтайваны өргөн чөлөөний чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээг бүрэн чөлөөлж байна. Хувийн машинаар ихэвчлэн 1-2 хүн зорчдог бол нийтийн тээврээр олон хүн үйлчлүүлдэг. Тиймээс энэ арга хэмжээг хэрэгжүүлсэн. Мөн нэгдүгээр эгнээнд байршуулсан хяналтын камерыг бүрэн ажиллуулж, камерын нэгдсэн систем, удирдлагын ухаалаг технологийг ашиглан хөдөлгөөн зохицуулалт хийж байгаа. Дараагийн ажил гэвэл түр болон удаан хугацаанд зогсохыг хориглосон тэмдэг тэмдэглэгээ бүхий газар нэгдүгээр эгнээнд автомашинаа байршуулж хөдөлгөөнд саад учруулсан бол арга хэмжээ авч ажиллаж байна. Энэ тал дээр Замын хөдөлгөөний оргил ачаалалд гол нөлөө үзүүлдэг 15 байршилд тээврийн цагдаагийн 37 байнгын алба хаагч, 39 ачигч, техник хэрэгслийг бэлэн байдалтай ажиллуулж, хөдөлгөөн зохицуулалт хийж байгаа. Мөн Нийтийн тээврийн бодлогын газраас 38 албан хаагч автобусны буудлуудад зөвшөөрөлгүй зогссон, түр зогссон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлан ажиллаж байна” гэлээ.
Түүнчлэн автомашины техник хяналтын үзлэгт хуулийн хугацаанд хамрагдаагүй, тэнцээгүй, татвар, даатгал, торгууль авто зам ашигласны төлбөрөө төлөөгүй тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд оролцохыг эрхийг хязгаарлах хяналт шалгалт хийж байгаа аж. Иргэд, жолооч нарыг чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулахгүй, бусад зорчигчдыг хүндэтгэн хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриаллаа.
Ч.Хувьзаяа: Энхтайваны өргөн чөлөөний чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээг бүрэн чөлөөлж байна | ||
Үзсэн: 140 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.