Шууд Chart

“Нүүдэлчин дэлхийн соёлын фестиваль”-д 100 гаруй хүлэг уралдахаар бүртгүүлжээ

2025-08-21 14:34:47

Налайх дүүргийн “Тайж Хайрхан”-ы бэлд “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль энэ сарын 22-24-ны өдрүүдэд болно. Фестивалийн үеэр үндэсний спортын таван төрөлд өрсөлдөөн өрнөх бөгөөд үндэсний бөх, үндэсний сур харваа, шагай харваа, адуучин гэсэн дөрвөн төрөлд 400 орчим тамирчин оролцохоор бүртгүүлсэн бол хурдан морин уралдаанд 100 гаруй шандаст хурдан хүлгүүд тоосоо өргөхөөр бүртгүүлжээ.

Үндэсний спортын төрлүүдээр тэмцээн зохион байгуулахаас гадна үзүүлэх тоглолт, сургалт, үзэгч, сонирхогч, жуулчдын дундах үндэсний бөхийн барилдаан, үндэсний сурын харваа, үндэсний шагайн харвааны нээлттэй тэмцээн зохион байгуулах юм байна.

Өнгөрсөн жилийн “Нүүдэлчин-2024” фестивалийн үндэсний бөхийн барилдаанд Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат, улсын харцага Х.Гантулга түрүүлж, хурдан морины их насны уралдаанд Төв аймгийн Аргалант сумын уугуул, аймгийн алдарт уяач Д.Батаагийн цавьдар түрүү магнайд хурдалжээ.

Харин үндэсний сур харвааны эрэгтэйчүүдийн ангилалд улсын мэргэн Т.Очироо, эмэгтэйчүүдийн ангилалд аймгийн гарамгай харвач Ч.Чимэддулам түрүүлж, шагай харвааны багийн төрөлд Дорноговь Г.Алдар ахлагчтай Дорноговь аймгийн “Номт даншиг Хеттрик групп”-ийн баг, цуваа харваанд Төв аймгийн Баян сумын харьяат, “Цэц баян” багийн харваач Г.Чингүүн, адуучин тэмцээнд Багануур дүүргийн адуучин Б.Бямбасүрэн нар тэргүүн байр эзэлжээ.


“Нүүдэлчин дэлхийн соёлын фестиваль”-д 100 гаруй хүлэг уралдахаар бүртгүүлжээ  
Үзсэн: 176 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй