Шууд Chart

Боловсролын салбарт технологид суурилсан бие даан суралцахуйд үе шаттай шилжих цахим шилжилтийг эхлүүлжээ

2025-08-20 15:30:50

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны наймдугаар сарын 20-нд болж, боловсролын цахим шилжилтийн талаар Боловсролын сайд П.Наранбаяр Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ. 

Дэлхийн эдийн засгийн форумаас 2025 онд гаргасан тайлангаар 2030 он гэхэд одоогийн үйлдвэрлэл, бизнесийн 80 хүртэлх хувьд хиймэл оюун ухаан, автоматжуулалт нэвтэрч, хүний нөөцийн ур чадварын эрэлтэд томоохон хувьсал гарах төлөвтэй байна. Тухайлбал 2030 он гэхэд БНХАУ-ийн үйлдвэрлэл, бизнесийн 92 орчим хувьд хиймэл оюун ухаан, автоматжуулалт нэвтрэх бөгөөд энэ хэрээр зах зээлд хиймэл оюун ухаан, их өгөгдөл, VR, AR-ийн ур чадварын хэрэгцээ өсөж байна. Үүнийг дагаад боловсролд томоохон өөрчлөлт гарч байгаагийн нэг нь иргэдийн бие даан суралцахуйг дэмжсэн цахим боловсролын тогтолцоо илүү өргөн хүрээтэй хөгжиж байна. 

Хөдөлмөрийн зах зээлд ойрмогхон гарах энэ өөрчлөлтөд Монгол Улсын боловсролын тогтолцоо хариу үзүүлэхийн тулд технологид суурилсан бие даан суралцахуйд үе шаттай шилжих цахим шилжилтийг эхлүүлээд байна. Энэ шилжилтийг хийхэд өндөр хурдны интэрнэт, ухаалаг төхөөрөмжийн хүртээмж, цахим сургалт, контентын нээлттэй сан, сургалтыг чиглүүлэх, дэмжих шинэ ур чадвартай багш, шинэчлэгдсэн сургалтын хөтөлбөр бэлэн болсон байх шаардлагатай. 2023 оны хичээлийн жилээс эхлэн хэрэгжүүлсэн Мэдлэ цахим сургалт энэ чиглэлээр Монгол Улсад төдийгүй дэлхийн зарим оронд сайн туршлага болж байна. Энэхүү сургалтыг Пакистан, Индонез зэрэг улсад хамтран  нэвтрүүлэх саналыг эдгээр улсын Боловсролын яам болон Гүүгл компаниас ирүүлээд байна. Мэдлэ цахим сургалтад суурилан ерөнхий боловсролын цахим сургуулийг байгуулах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр Боловсролын яам бэлтгэж буй ажээ. 

2024-2025 оны хичээлийн жилд Мэдлэ цахим сургалтад аймаг, сумын ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн 36,941 суралцагч хамрагдаж, сонгон судлах хичээлүүдээ судаллаа. Энэ туршлагаас харахад дээрх нөхцөл хангагдсан үед цахимд суурилсан бие даан суралцахуйг ерөнхий боловсролд амжилттай нэвтрүүлэх бүрэн боломжтой гэдгийг Боловсролын сайд танилцууллаа. 

Тус яам хүүхэд залуучуудад бие даан суралцах, хиймэл оюун ухаан, технологийн ур чадварыг бага наснаас хөгжүүлэх чиглэлээр сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийг эхлүүлээд байна. 2025-2026 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын шинэчлэгдсэн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Ирэх хичээлийн жилээс ерөнхий боловсролын шинэчилсэн хөтөлбөрийг бага ангиас эхлэн үе шаттай хэрэгжүүлнэ гэлээ. 

Цахим боловсрол нь багшлахуйгаас суралцахуйд шилжих шилжилтийн үндсэн стратеги тул 2030 он гэхэд ерөнхий боловсролын дунд, ахлах анги, мэргэжлийн болон техникийн боловсрол, дээд боловсролд үе шаттай нэвтрүүлэхээр төлөвлөжээ. 


Боловсролын салбарт технологид суурилсан бие даан суралцахуйд үе шаттай шилжих цахим шилжилтийг эхлүүлжээ  
Үзсэн: 128 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй