Шууд Chart

Олон улсын газрын эвслийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

2025-08-19 14:43:23

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Олон улсын газрын эвсэл (International Land Coalition)-ийн захирал Марси Вигода тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Олон улсын газрын эвслийн төлөөлөгчид “Бэлчээр ба Нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” болон Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын талуудын 17 дугаар Бага хурал (COP 17) зэрэг томоохон арга хэмжээ зохион байгуулагдах гэж байгаатай холбогдуулан Монгол Улстай хамтран ажиллах стратеги, чиглэлийн талаар санал солилцох зорилгоор малчид болон малчдын хамтын байгууллага, төрийн болон олон улсын байгууллагуудтай уулзалт зохион байгуулж байгаа юм.

Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Монгол Улс бэлчээрийн мал аж хауй эрхэлж ирсэн түүхэн уламжлалтай. Нийт газар нутгийн 72.6 хувийг хөдөө аж ахуйн газар, хөдөө аж ахуйн эдэлбэр газрын 97.6 хувийг байгалийн бэлчээр, хадлангийн газар, 1хувийг тариалангийн газар, үлдэх хувийг хөдөө аж ахуйн бусад ангиллын газар эзэлдэг хөдөө аж ахуйн орон. Улсын хэмжээнд бэлчээрийн газрын хэмжээ нь 104 сая га талбайтай гэдгийг тодотгов. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас энэхүү нөөц баялагтай тулгуурлан хөдөөгийн малчдын амьдралын чанарыг дээш зорлигоор дэд салбаруудын уялдааг хангасан үндсэн 4 том хөтөлбөр хэрэгжүүлж байгааг танилцууллаа. “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт” үндэсний хөдөлгөөн, “Шинэ хоршоо-Чинээлэгч малчин” хөтөлбөр, “Атрын IV аян” нь Монгол Улсын Засгийн газрын хоорондоо уялдаа холбоо бүхий хөдөө аж ахуйн түүхий эдийн хангамжийг сүлжээгий бий болгож, боловсруулах үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх бодлогын хэрэгжилт юм. Эдгээр бодлогын хүрээнд малчид, тариаланчид, боловсруулах үйлдвэрүүдийг нэн хөнгөлөлттэй урт хугацаатай зээлийн бодлогоор дэмжиж байгаа бөгөөд уур амьсгалын өөрчлөлт, байгаль цаг уурын эрс тэс нөхцөл дасан зохицсон хөдөө аж ахуйг бий болгох зорилт хэрэгжиж буйг танилцууллаа.

Мөн Монгол Улс “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил”-ийн 2026 оны төлөвлөгөөг Дэлхийн 12 сэдэв бусад албан баримт бичгүүдийн үзэл санаанд тулгуурлан “Үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөө”-г боловсруулж байгаа бол Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг 2026 онд нийслэл Улаанбаатар хотод хүлээн авахаар бэлтгэл ханган ажиллаж байна. Уг хурлыг зохион байгуулахад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам голлох нөлөөтэй ажиллах ба Олон улсын газрын эвсэлтэй бүх талаар хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлэв.

Олон улсын газрын эвсэл нь газрын эрх ашиг хамгаалагдсан шударга, эрх тэгш, оролцоотой байдлыг дэлхий нийтэд бий болгох, хөдөө орон нутгийн иргэдийн газар, ус, нийтийн эзэмшлийн нөөц зэрэг хөрөнгийн хүртээмжийг илүү сайжруулснаар өлсгөлөн, ядуурлыг бууруулах зорилготой олон улсын байгууллага юм. Өдгөө дэлхийн хэмжээнд 97 улсын 323 гаруй байгууллагын төлөөлөлтэй болж, мэдлэг, туршлагаа хуваалцах, чадавхжуулах, мэдээлэл түгээх байдлаар хөдөө орон нутгийн иргэдийг тэгш эрхээ эдлэхэд зөвлөмж туслалцаа үзүүлэн ажилладаг гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ. 


Олон улсын газрын эвслийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа  
Үзсэн: 122 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй