Шууд Chart

Багахангай–Хүннү хот чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт үргэлжилж байна

2025-08-19 11:22:52

Олон улсын стандартын шаардлага хангасан нэгдсэн ачаа тээврийн логистикийн төв Улаанбаатар хотод байдаггүйгээс хотын төвд байрлах 10 гаруй терминал, 300 гаруй салбар замаар түгээлт хийгдэж байна. Ингэснээр аюултай бараа бүтээгдэхүүн нийслэлийн төвөөр нэвтрэх эрсдэлийг нэмэгдүүлж, авто замын эвдрэл, түгжрэлийг бий болгож, агаар, хөрс, орчны бохирдлыг нэмэгдүүлэн, иргэдийн амьдралын аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байна. Тиймээс ачаа тээврийн терминалуудыг хотын төвөөс гаргаж, зохион байгуулалтыг шинэчлэх шаардлага зайлшгүй тулгараад байв.

Иймд нийслэлийн дэд бүтцийг дэмжих зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2025 оны нэгдүгээр сарын 14-ний өдрийн “Төмөр замын салбар зам барихтай холбоотой зарим арга хэмжээний тухай” 21 дүгээр тогтоолыг баталснаар Багахангай – Хүннү хот чиглэлийн салбар төмөр замын төсөл нь Улаанбаатар хотын хүн ам, нийгэм, эдийн засгийн төвлөрлийг задлах, нийслэлийн бүс нутаг болон ойр орчны Хүннү хот, Зуунмод, Майдар, Сэргэлэн хотуудын хөгжлийг дэмжих, эдийн засгийн харилцан таталцлыг бий болгох, тээврийн дэд бүтцийн урьдчилсан нөхцөлийг бүрдүүлэх ач холбогдолтой юм. Тус төмөр замын бүтээн байгуулалт үргэлжилж байгаа бөгөөд ухмал байгуулах ажил 82 хувь, далан байгуулах ажил 68,2 хувь, дам нуруут гүүрийн ажил 66 хувийн гүйцэтгэлтэй байна.  

УБТЗ ХНН-ийн Багахангай өртөөнөөс салаалж, Төв аймгийн Сэргэлэн сумын нутгаар дайран Хөшигийн хөндийд хүрэх уг төмөр зам нь гуравдугаар зэрэглэлийн ангилалтай, нийт 102.5 км урт, 1520 мм царигтай бөгөөд гурван өртөө, дөрвөн зөрлөг, 2.5 км урт гүүрэн байгууламжтайгаар төлөвлөгдсөн. Барилга угсралтыг хоёр үе шаттай хэрэгжүүлнэ. Эхний шатанд Багахангай өртөөнөөс Хөшигийн өртөө хүртэл 87.4 км төмөр замын дээд, доод бүтцийн ажлыг, хоёрдугаар шатанд Хөшигийн өртөөнөөс Шувуун фабрик хүртэл 14.6 км төмөр замын барилга угсралтыг гүйцэтгэх бөгөөд бүтээн байгуулалтын ажилд дотоодын 110 орчим аж ахуйн нэгж, 2500 гаруй мэргэжилтэн оролцож байна. Төмөр замын дэлгэмэл урт нь 151.2 км, голын даац 25 тонн, жилд дунджаар 3.5 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай юм.

Хөшигийн хөндий рүү салбар төмөр зам баригдсанаар орон нутаг, аймгууд руу явах болон импортоор орж ирэх бараа бүтээгдэхүүнийг нийслэл рүү оруулалгүйгээр “Хөшигийн хөндий” болон “Оргоч уул” терминалаас шууд хүлээн авах боломжтой болно. Ингэснээр хот доторх том оврын ачааны автомашины хөдөлгөөний ачаалал 50 хүртэл хувиар буурах тооцоолол гараад байна. Мөн одоогоор хотын гол замын дөрвөн хэсэгт хоногт дунджаар 195 минутыг галт тэрэгний хөдөлгөөнд зориулж авто замыг хаадаг бол уг төмөр замын төсөл хэрэгжснээр дээрх энэ хугацаа 35 минутаар буурч, гармын хөдөлгөөний хязгаарлалт багасахын хэрээр жил бүр 445 сая төгрөгийн шатахууны үргүй зардлыг хэмнэх боломжтой болох тооцоо судалгаа гарчээ.  


Багахангай–Хүннү хот чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт үргэлжилж байна  
Үзсэн: 146 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй