
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский өнөөдөр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай хийсэн уулзалтынхаа өмнө хэвлэл мэдээллийнхэнд хандаж, Украин улс АНУ, ОХУ-ын удирдагчидтай гурван талын уулзалтыг зохион байгуулахад бүрэн бэлэн гэдгээ мэдэгдлээ.
Трамптай уулзалтаа өндөрлөөд хийсэн мэдэгдэлдээ Зеленский “Бид Трамптай маш сайн ярилцсан. Энэ бол хамгийн амжилттай уулзалт байлаа” хэмээн онцолсон байна.
Мөн тэрбээр уулзалтын үеэр газрын зураг ашиглан фронтын шугам, нутаг дэвсгэрийн нөхцөл байдлыг Трампад тодорхой танилцуулж, газар нутгийн маргаантай асуудлуудыг энхийн замаар шийдвэрлэх төсөл олох хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр нутаг дэвсгэрийн солилцоо зэрэг эмзэг сэдвүүдийг шууд удирдагчдын түвшинд, АНУ-ын зуучлалаар хэлэлцэх нь зөв гэж үзэж буйгаа хэлсэн байна.
Украины Ерөнхийлөгч уулзалт эхлэхийн өмнө хэвлэлд өгсөн мэдэгдэлдээ Украин улс АНУ, ОХУ-ын удирдагчидтай гурван талын дээд хэмжээний уулзалт хийхэд бэлэн байгаагаа тодотгосон бөгөөд ийм уулзалт нь “бүх асуудлыг шууд хэлэлцэх хамгийн оновчтой алхам” хэмээн үзэж байгаа аж.
Цагаан ордонод болсон уулзалтад Трамп, Зеленскийгээс гадна Европын зарим удирдагчид ч оролцсон. Тэд Украины аюулгүй байдлыг баталгаажуулах, урт хугацааны энхийн тохиролцоог дэмжихэд гурван талын уулзалт чухал ач холбогдолтой гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна.
Доналд Трамп уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй шууд утсаар холбогдсон бөгөөд Зеленский–Путин нарын уулзалтыг зохион байгуулах боломжийг нээж өгсөн гэж мэдэгджээ. Утсаар ярисан энэ ярианы талаар ОХУ-ын тал “бүтээлч, найрсаг харилцан ярилцлага өрнөсөн” гэж тайлбарласан ч уулзалтын нарийн агуулга олон нийтэд ил болоогүй байна.
Олон улсын ажиглагчдын үзэж буйгаар, хэрэв гурван талын уулзалт бодитоор хэрэгжвэл энэ нь Украины дайны нөхцөл байдлыг энхийн замаар зохицуулах томоохон алхам болох юм. Гэсэн хэдий ч нутаг дэвсгэрийн солилцоо зэрэг асуудал маргаан дагуулах өндөр магадлалтай хэвээр байна.
Зеленский: Украин АНУ, ОХУ-ын удирдагчидтай гурван талын уулзалт хийхэд бэлэн | ||
Үзсэн: 885 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.