Шууд Chart

Х.Милей: Төсвийн зардлыг танах нь Аргентин улсын эдийн засгийг сэргээх ганц арга

2023-11-23 16:29:24

Аргентин улсын ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Хавьер Милей 12-р сарын 10-аас ерөнхийлөгчийн ажлаа хүлээн авна. Ерөнхийлөгчийн үүрэгт албаа хүлээн авсны дараа түүний хамгийн эхлээд хийнэ гэж амласан зүйл нь гурван оронтой тоо руу орсон инфляцыг бууруулахын тулд эдийн засгаа цочроох арга хэмжээ авч, улсын төсвийн зардлыг багасгах юм. Үүний тулд засгийн газрыг цомхотгож, улсын төсвөөс санхүүждэг хэд хэдэн байгууллагыг хувьчилна гэж мэдэгдээд байгаа. Ийм арга хэмжээ авахгүй бол инфляцын хөөргөдөл бүр тэсэрч, Аргентин улсын хүн амын 95 хувь нь ядууралд өртөн, 70-80 хувь нь орон гэргүй болох аюултай гэж анхааруулж байгаа юм байна.

Өнөөгийн байдлаар Аргентин улсын хүн амын тавны хоёр нь буюу 40 орчим хувь нь ядууралд өртсөн гэсэн тоо баримт байна. Мөн инфляцын түвшин 143 хувь болтлоо хөөргөдсөн. Өмнөд Америкийн хоёр дахь том эдийн засаг гэж тооцогддог Аргентины төв банкны валютын нөөц хасах руу орсон байгаа юм. Өөрийгөө анарх-капиталист гэж тодорхойлдог популист улс төрч Хавьер Милей нь ерөнхийлөгч болсноороо энэ бүх эдийн засгийн хямралыг даван гарахын тулд улсын мөнгөн тэмдэгтийг халж, долларыг үндэсний гүйлгээнд ашиглах, төв банкийг хаах, төсвийг хязгаарлах зэргээр 2024 оны санхүүгийн жилд эдийн засгийн уналтыг саармагжуулна гэж амлаад байгаа. Түүнчлэн улсын төсвийн зардлыг танах тул ард иргэд дээр татвар нэмж дарамт үүсгэхгүй гэж мөн амлаж байгаа нь сонгуульт ажлынх нь гол хэсэг байсан гэж хэлж болно. Тэрээр ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн төв зүүний үзэл баримтлалтай Серхио Масса болон эрх баригч намыг хэт үрэлгэн, улсын төсвийг үрэн таран хийж, санхүүгийн хямрал үүсгэсэн гэж буруутгаж байсан. Ерөнхийлөгч болоод хэт их үрэлгэн сангийн сайд болон засгийн газрыг огцруулах төлөвлөгөөтэй гэж мэдэгдсэн байна. Түүний хувьчлахаар төлөвлөж байгаа байгууллагууд дотор Аргентины иргэний агаарын тээврийн компани багтаж байгаа. Тэгвэл Аргентины иргэний агаарын тээврийн холбооноос Хавьер Милейгийн энэ үзэл баримтлалыг эрс эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн байна. Бүр цаашлан эсэргүүцлээ илэрхийлж, ажил хаялт зарлана, өнөөдөр буюу Пүрэв гарагт нийслэл Буэнос-Айрес хотод жагсаал хийнэ гэж мэдэгдсэн байна.

Хавьер Милей нь анх улс төрд орсон цагаасаа эхлэн хувьчлалыг дэмжиж байсан хүн юм. Тэрээр Их Британийн ерөнхий сайд асан Маргарет Тетчерийн эдийн засгийн хувьчлалын бодлогын шүтдэг гэдгээ илэрхийлж байсан удаатай. Хувьчлалын үр ашгаар ямар ч хямралаас гарч чадна гэж итгэдэг хүн юм. Тэрээр мөн улсын мөнгөн тэмдэгтийг халах талаараа тайлбарлахдаа, валютыг улс төрчдийн мэдлээс авч хаяж, доллартой харьцах мөнгөн тэмдэгт байхгүй болсноор инфляц гэдэг зүйл өөрөө үндсээрээ алга болно гэж тайлбарлаж байгаа юм байна. Эсрэгээрээ улсын мөнгөн тэмдэгтийг халж, долларыг үндэсний гүйлгээнд нэвтрүүлснээр боловсрол, эрүүл мэнд зэрэг салбарууд дахь санхүүжилтийн хэмжээ эрс хумигдах сул талтай гэж эдийн засгийн шинжээчид тайлбарлаж байна. Мөн дотоодын үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ экспортлох, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд үндэсний мөнгөн тэмдэгтгүй байна гэдэг эргээд ямар ч ашиг олохгүй байх эрсдэлтэй юм. Аргентин улс урьд нь 1990-ээд онд үүнтэй төстэй мөнгөний бодлого баримталсан нь 1 аргентин песог 1 доллартой хүчээр тэнцүүлэх бодлого баримталсан байсан. Гэвч үүний үр дүнд бараа бүтээгдэхүүний үнэ хөөргөдөж, эрэлт эрс багасан, эдийн засаг хямралд өртсөн тул энэ бодлогыг халж байсан түүхтэй юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Х.Милей: Төсвийн зардлыг танах нь Аргентин улсын эдийн засгийг сэргээх ганц арга  
Үзсэн: 938 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй