Зэвсэгт хүчин болон Шуурхай дэмжих хүч нэртэй хагас цэрэгжсэн бүлэглэл хооронд байлдаан болж байгаа Судан улсаас улс орнууд иргэдээ нүүлгэн шилжүүлэхээр яаравчилж байна. Зүүн Хойд Африкийн энэ улсад 4-р сарын 15-наас зэвсэгт мөргөлдөөн эхэлсэн цагаас 400 гаруй хүний амь үрэгдсэн гэж ДЭМБ мэдээлж байгаа юм.
Суданы арми болон Шуурхай дэмжих хүчин баасан гарагаас буюу Ариун Рамадан сар дууссаныг тэмдэглэх гурван өдрийн баярын үеэр гал зогсоох дэглэм тогтоох тухайд санал нэгдсэн юм.
Гэвч өнгөрөгч амралтын өдрүүдийн туршид байлдаан үргэлжилсэн хэвээр байжээ. Ерөнхийлөгчийн ордон болон Хартумын нисэх буудлын ойролцоо хоёр тал хооронд мөргөлдөөн болж байгаа тухай хэвлэлүүд мэдээлж байна. АНУ, Их Британи улсууд ням гарагт Суданаас иргэдээ, голчлон элчин сайдын яамны ажилтнууд, тэдний ар гэрийнхнийг нүүлгэн шилжүүлсэн гэж мэдэгдэж байна. Харин бусад энгийн иргэдээ татан авахад аюулгүй байдал хангалттай бус байгааг дээрх улсуудын эрх баригчид хэлж байна. Германы батлан хамгаалах яам мөн ням гарагт өөрийн иргэдийг Суданаас татан авахаар тус улсын зэвсэгт хүчинтэй хамтран ажиллаж байна гэж “Твиттер” хуудсаар мэдээлжээ. Итали, Испани болон өөр бусад улс мөн адил арга хэмжээ авч ажиллаж байгаа мэдээ ирж байна.
Саудын араб улс өмнө нь бямба гарагт өөрийн 150 гаруй иргэн болон өөр бусад улсын иргэдийг Суданы нийслэл Хартумаас Улаан тэнгисийн эрэг дэх Порт Судан боомт руу хүргэж тэндээсээ цэргийн хөлөг онгоцоор нутагтаа авчирсан байна. Францын Франц пресс агентлаг мөн, НҮБ-ын Хүүхдийн сангийн 10 гаруй автобус, машинтай хүмүүс Хартумаас гарч байгаа дүрс бичлэг нийтэлжээ. Нийслэл Хартум хотод дунд байнга шахам буудалт, бөмбөгдөлт болж, хаа сайгүй гэрэл цахилгаан тасарсан, мөн ус хүнс бусад хэрэгцээт зүйлсийн хангамж зогссоноос хүн амын дийлэнх хувь нь асар хүнд нөхцөлтэй байна.
Мөн Суданд интернэт бараг бүрэн тасарсан байдалтай байгаа нь нүүлгэн шилжүүлэх ажиллагааг улам төвөгтэй болгож байгаа юм байна.
| Улс орнууд Суданаас иргэдээ татаж авахаар яаравчилж байна | ||
| Үзсэн: 752 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.