Баасан гарагт Нью-Йорк хотноо болсон НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн хуралдаан дээр ОХУ-ын төлөөлөгч тус улс 2015 оны Минскийн хэлэлцээрийг биелүүлээгүй гэх мэдэгдлүүдийг няцааж, энэ талаар нухацтай авч хэлэлцэхийг уриаллаа. Энэхүү хэлэлцээрээр Украины зүүн бүсэд гал зогсоохоор зааж байжээ. Өнгөрсөн жил ОХУ-ын арми Украинд довтолсноор барууны орнуудын хувьд хүчингүй болсон гэж үзэж байсан Минскийн хэлэлцээрт гарын үсэг зурсны 8 жилийн ойг тохиолдуулан ОХУ-аас НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдааныг зарлалаа хэмээн Ассошиэтэд прэсс уламжилжээ.
Тус хуралдааны үеэр НҮБ-д суугаа ОХУ-ын байнгын төлөөлөгч Василий Небензя хэлэхдээ: ОХУ Минскийн гэрээг биелүүлээгүй гэх мэдэгдлүүд хөвөрч байгаа ч бидэнд эх орноо та бүхнээс хамгаалж, мөн чанар, ирээдүйгээ хамгаалахаас өөр сонголт байгаагүй гэдгийг олон хүн ойлгох байх гэж хэлжээ. Тэрээр мөн Аюулгүйн зөвлөлийн 2015 оны 2202-р шийдвэрээр Минскийн хэлэлцээр нь Украины дотоодын маргааныг шийдэх эрх зүйн ганцхан үндэс суурь болсон гэдгийг онцлон тэмдэглэжээ.
Харин НҮБ-д суугаа Украины төлөөлөгч Сергей Кислицца хэлэхдээ: Үнэнийг хүлээн зөвшөөрөх цаг болжээ. Үнэн бол Путинтэй хэлэлцээр хийх боломжгүй гэдгийг харууллаа. Оросууд Минскийн гэрээг алдагдуулж, устгаж байгаа нь үүнийг тодорхой харуулж байна. Бид ОХУ-ын ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шаардлагыг хэрэгжүүлэхийг шаардаж, хүч хэрэглэхээ нэн даруй зогсоож, Украины нутаг дэвсгэрээс Оросын цэргийн хүчийг татахыг уриалж байна гэж мэдэджээ.
Мөн хуралдаанд оролцогч АНУ-ын төлөөлөгч үг хэлэхдээ Олон жилийн турш бид ОХУ-ыг Минскийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлэхийг уриалж, Украин дахь байлдааны ажиллагааг зогсоох талаар сайн санааны үүднээс хэлэлцээ хийхийг уриалж ирсэн. Гэсэн хэдий ч тус улс Минскийн хэлэлцээр болон олон улсын хуулийг үл тоомсорлодог гэдгээ удаа дараа харууллаа. Ерөнхийлөгч Путин энэхүү дайныг эхлүүлэх шийдвэр гаргаснаар Минскийн гэрээ хүчингүй болж, бид Украины түншүүдтэйгээ нэгдэж байна. ОХУ Украин болон Украины ард түмний эсрэг довтолгоогоо даруй зогсоож, Украины нутаг дэвсгэрээс цэргээ татаж, энэ дайныг яг одоо зогсоох нь дэлхий нийтэд нэн хэрэгтэй байна хэмээн мэдэгджээ.
| ОХУ НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн хуралдаан зарлав | ||
| Үзсэн: 911 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.