Даваа гарагт болсон газар хөдлөлтөөр Турк, Сирийн хил орчмын бүсэд үлэмж эвдрэл сүйдэл учирснаас амьд үлдсэн хүмүүсийг эрэн хайхад ихээхэн бэрхшээл учирч байна. Хоёр улсад амиа алдсан хүний тоо 12 мянгаас давжээ. Улмаар 2011 оны 3-р сарын Японы газар хөдлөлт, цунамигаас хойших анхны, 10 мянгаас дээш тооны хүний аминд хүрсэн байгалийн гамшиг болж байгааг Эн-Эйч-Кей дурдаж байна.
Туркийн ерөнхийлөгч Рэжеп Таип Эрдоган лхагва гарагт гамшигт хүчтэй нэрвэгдсэн Кахраманмарас хотод очсон байна. Тэрээр аврах ажиллагааг шуурхайлах үүднээс 10 мужид гурван сарын хугацаанд Онц байдал зарлаад байна. Турк болон Сирийн нутагт 23 сая хүртэл тооны хүн газар хөдлөлтийн гамшигт өртсөн гэж ДЭМБ үзэж байна. Асар олон хүн орох оронгүй болж хоцорчээ. Зарим газраар тэг градусаас доош орж хүйтэрч байгаагаас хүмүүс дулаан хувцас, эм бэлдмэл зэрэг тусламж эрж байна.

Энэ зуур гамшигт газар хөдлөлтөөс бүтэн хоёр хоногийн дараа хоёр хүүхдийг эсэн мэнд аварсан мэдээ ирлээ. Истанбул хотын захиргаанаас өнөөдөр мэдээлснээр, Хелен хэмээх бяцхан охиныг эхний газар хөдлөлтөөс 68 цагийн дараа гаргаж авсан байна. Мөн 10 настай Мехметийг 65 цагийн хойно аварч чаджээ. Туркийн өмнөд бүс дэх эвдрэл сүйдэл маш өргөн газар орныг хамраад байна. Токиогийн их сургуулийн газар хөдлөл судлалын профессор, шинжээч Кусуноки Коичи ийм их хэмжээний эвдрэл сүйдлийн гол шалтгааныг, хүчтэй ганхалт чичирхийллээс болж барилгын тулгуур баганууд агшин зуурт дэлбэрэх мэт бутарч нурснаас шалнууд дээр дээрээсээ давхарлаж унасных гэж тайлбарлаж байна.

“Гамбиран нуралт” гэгддэг ийм үзэгдэл хэд хэдэн газарт тохиолдсоныг тэр дурджээ. Мөн орон сууцны олон барилга нэг чиглэлд ханарч унасан нь гэнэтийн огцом түлхэлтэд нурсныг харуулж байгаа хэрэг гэж ярьжээ. Японы энэ шинжээч Туркийн барилгын норм дүрэм японыхоос дутахааргүй, харин норм дүрмийг баримтлахгүй барих нь өөр асуудал гэдгийг мөн хэлж байна. Туркийн парламентын судалгаагаар, 2021 онд барилгын норм стандартыг хангаагүй 6,7 сая байшин байна гэсэн дүн гарч байжээ.
| Үлэмж эвдрэл сүйдэл болон хүйтэн цаг агаар амьд үлдэгсдийг олж аврахад бэрхшээл учруулж байна | ||
| Үзсэн: 706 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.