Шууд Chart

БНАСАУ тагнуулын хиймэл дагуул бүтээх сүүлийн туршилтыг хийсэн гэж мэдээллээ

2022-12-20 13:28:14

БНАСАУ-ын Үндэсний сансар судлалын байгууллага тагнуулын хиймэл дагуул бүтээх сүүлийн шатны туршилтыг хийлээ гэж тус улсын төв хэвлэлд мэдээлсэн байна. Туршилтын явцад хиймэл дагуулын камерын удирдлагын технологи, сансрын орчинд мэдээлэл боловсруулах, дамжуулах хүчин чадал зэрэг техникийн гол үзүүлэлтүүдийг шалгаж, баталгаажуулсан байна. Умард Солонгос цэргийн тагнуулын анхны хиймэл дагуулаа 2023 оны 4-р сар гэхэд хийж дуусгахаар төлөвлөж байгаа юм.

Ням гарагт хийсэн туршилтаар хиймэл дагуулын зураг авах үзүүлэлтийг үнэлж, Өмнөд Солонгосын нийслэл Сөүл болон Инчон боомт хотын зургийг төв хэвлэл нь нийтэлжээ. Туршилтыг Сохэ сансрын буудалд явуулж, олон тооны камер, дүрс дамжуулагч, хүлээн авагч, хяналтын төхөөрөмж, хадгалах зай хураагуур бүхий хиймэл дагуулыг зөөгч пуужингаар 500 км-ийн зайд хөөргөсөн байна. Бид сансрын орчинд камер ажиллуулах технологи, мэдээлэл боловсруулах, харилцаа холбооны төхөөрөмжүүдийн дамжуулах чадвар, газрын хяналтын систем, хянах нарийвчлал зэрэг техникийн чухал үзүүлэлтүүдийг баталгаажуулсан гэж тус улсын нэрээ нууцалсан эх сурвалж төв хэвлэлдээ мэдээлжээ. Умард Солонгос мөн дунд тусгалын баллистик пуужин хоёрыг туршсан. Тэдгээр пуужин 500 км-ийн зай туулаад зүүн эрэгт далайн усанд унажээ. Пёньян баллистик пуужин хөөргөх үйл явцыг илүү хурдан, илүү уян хатан болгохын тулд өндөр хүчин чадалтай хатуу түлшний хөдөлгүүр туршсан гэж мэдэгдсэн байна. Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун өндөр технологийн зэвсэг тэр дундаа тагнуулын хиймэл дагуул, тактикийн цөмийн зэвсэг бүтээхээ амлаад байгаа юм. Эдгээр зэвсэг нь тогтоон барих хэрэгсэл болохоос гадна Америк болон түүний бүс нутгийн холбоотон Өмнөд Солонгос, Японы цэрэг армийн үйл ажиллагаа талаар бодит мэдээлэл өгнө гэж Умард Солонгос тооцоолж байна.

Харин Өмнөд Солонгос болон Америкийн тагнуулын байгууллагууд Умард Солонгос яг тагнуулын хиймэл дагуул туршсан эсэхийг нотлоогүй, мэдээллийг судалж байгаа гэж Өмнөдийн батлан хамгаалах яамнаас мэдэгджээ. Ням гарагт Өмнөд Солонгосын батлан хамгаалах салбарын удирдлагууд шуурхай хуралдаан хийхдээ Умард Солонгос хүнсний хомсдолоос болж өлсөж, даарч байгаа иргэдийнхээ зовлон зүдгүүрийг үл харгалзан өдөөн хатгасан үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байгаад харамсаж байгаагаа илэрхийлжээ. Сөүл Америк болон Японтой аюулгүй байдлын гурван талт хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар хариу арга хэмжээ авна гэдгээ ч мэдэгдсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНАСАУ тагнуулын хиймэл дагуул бүтээх сүүлийн туршилтыг хийсэн гэж мэдээллээ   
Үзсэн: 545 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй