Туркийн Истанбул хотын төв гудамд Ням гарагийн орой тэсрэх бөмбөг дэлбэрч 6 хүн амь үрэгдэж, олон арван хүн шархдан, гал авалцаж түлэгдсэн хэрэг гарчээ. Ослын газарт түргэн тусламж, галын машин, цагдаа нар ажиллаж хүмүүсийг аврах ажиллагаа явуулсан бөгөөд тус хэрэг алдарт Таксимын талбай руу хүрдэг, дэлгүүр, зоогийн газар олонтой Истиклал өргөн чөлөөнд болжээ.

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган уг дэлбэрэлтийг "халдлага" гэж нэрлээд, гэмт этгээдүүдэд зохих шийтгэлийг оногдуулна гэж мэдэгдсэн байна. Амиа алдсан зургаан хүнээс гадна Истанбулын амбан захирагч Али Йерликая твиттер хуудсандаа 53 хүн шархадсан гэж Ням гарагийн орой мэдээлж байсан. Харин өнөө өглөө дэд ерөнхийлөгч Фуат Октай энэ хэргийг "террорист ажиллагаа" гэж нэрлээд шархадсан хүний тоо 81 болсон гэдгийг мэдэгдлээ. Мөн “үүнийг хэн ч үйлдсэн бай, улс дотроосоо төдийгүй дэлхийн хаанаас ч байсан террористуудыг олж барих болно” гэж мэдэгджээ.

Ерөнхийлөгч Эрдоган энэ халдлагыг хэн үйлдсэн тухайд таамаг дэвшүүлээгүй боловч "терроризмын шинжтэй" гэж тодорхойлсон байна. Тэрээр цагдаагийн газрын мөрдөн шалгалт үргэлжилж байгаа, дэлбэрэлт болсон газрын дүрс бичлэгийг шалгаж байгаа талаар мэдээлжээ.
Туркийн хэвлэл мэдээллийн хяналтын байгууллагаас дэлбэлэлтийн талаар мэдээлэхийг түр хугацаагаар хязгаарласан, ингэснээр дэлбэрэлт болон түүний үр дагаврыг ойроос харуулсан дүрс бичлэг, гэрэл зураг түгээхийг хориглосон байгаа юм байна.

Ням гарагт болсон энэ дэлбэрэлт нь иймэрхүү халдлага байнга гардаг байсан 2015-2017 онуудыг санагдуулсан цочир үйл явдал болсон тухай олон улсын хэвлэлүүд бичжээ.
| Истанбулийн төв гудманд дэлбэрэлт болж 6 хүн амь үрэгджээ | ||
| Үзсэн: 495 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.