Энэтхэгийн гадаад хэргийн сайд Субрахманям Жайшанкар ОХУ Украинд дайн эхлүүлснээс хойш анх удаа Москвад албан ёсны айлчлал хийж байна. Энэ үеэр Энэтхэг улс тогтвортой бөгөөд цаг хугацаагаар туршигдсан түншээсээ газрын тос худалдан авах нь эдийн засгийн хувьд ашигтай гэж мэдэгдсэн байна. Өрнөдийн улс орнууд ОХУ-ын газрын тосонд хориг зарласнаас хойш Энэтхэг улс Хятадын дараа Оросын газрын тосны хамгийн гол худалдан авагч болж байна.
Энэтхэгийн энэ байр суурь Оросын эдийн засгийг доройтуулах зорилготой Өрнөдийн хориг арга хэмжээг эсэргүүцсэн улс төрийн алхам гэж ажиглагчид үзэж байна. Энэтхэгийн гадаад хэргийн сайд өчигдөр Москва хотноо хөдөө аж ахуй, түлш шатахуун, байгалийн хий, боомт, далайн тээвэр, хими, бордоо, худалдаа санхүүгийн салбарын олон төлөөлөгчдийн хамт Оросын гадаад хэргийн сайд Сергей Лавровтой уулзалт хэлэлцээ хийсэн байна. Энэ бол Энэтхэг Оростой харилцах харилцаандаа өндөр ач холбогдол өгч байгааг илтгэж байна. Дэлхийд газрын тос, байгалийн хийн гурав дахь том хэрэглэгч орны хувьд Энэтхэгийн засгийн газар олон улсын зах зээлд хамгийн ашигтай нөхцөлийг атгаж авах нь ард иргэдийнхээ хэрэглээг хангах үндсэн үүрэг мөн гэж гадаад хэргийн сайд нь улс орныхоо эрх ашгийг тодорхой илэрхийллээ. Оросын Украинд хийж байгаа цэргийн тусгай ажиллагаа гэгчийг ил тод буруутгаагүй байгаа Энэтхэг улс Москвагийн газрын тосны зах зээлд Хятадын дараа хоёр дахь том худалдан авагч нь болж гарч ирж байна. Шинэ Дэли, Бээжингийн аль аль нь Оросын эсрэг өрнөдийн хориг арга хэмжээнд нэгдэхээс зайлсхийсэн бодлого баримталж байна. Оросын тал ч Украины асуудлаарх Энэтхэгийн байр суурийг сайшааж, Өрнөдийн орнууд дэлхийн үйл хэрэгт ноёрхлоо бэхжүүлэхийг чармайж байна гэж буруутгаж байгаа юм. АНУ-ын сангийн сайд Оросын газрын тосны ханшинд дээд хязгаар тогтоох Долоогийн бүлгийн төлөвлөгөөг Энэтхэгтэй хэлэлцэх зорилгоор энэ 7 хоногийн сүүлээр Шинэ Дэлид айлчлахын өмнөхөн гадаад хэргийн сайд нь Орост очлоо. Энэтхэг Орос хоёр газрын тосны худалдаанаас гадна батлан хамгаалах орчин үеийн зэвсэг хамтран бүтээх асуудлыг хэлэлцэж байгаа талаар ТАСС агентлаг мэдээлжээ.
Өнгөрсөн онд Москва Шинэ дэли хоёр АК-203 автомат бууг Энэтхэгт үйлдвэрлэх тухай 677 сая америк долларын гэрээ байгуулсан. Дэлхийн батлан хамгаалах салбарын зэвсгийн гол худалдан авагч Энэтхэг улс өөрөө батлан хамгаалах салбарын үйлдвэрлэгч болох чиглэлд байр сууриа ахиулж байгаагийн хувьд Оростой дээрх гэрээг байгуулсан юм. Москва олон жилийн туршид Шинэ Дэлигийн зэвсгийн гол нийлүүлэгч байж ирсэн. Энэтхэг улс 2011-2021 оны хооронд гэхэд Оросоос 20 тэрбум доллароор батлан хамгаалах салбарын зэвсэг техник импортолсон байна. Цаашид Орос, Энэтхэг хоёр цөмийн эрчим хүч болон сансрын аялал жуулчлалын салбарт илүү нягт хамтран ажиллах сонирхолтой байгааг Сергей Лавров онцлон тэмдэглэсэн байна.
| БНЭУ ОХУ-аас авдаг газрын тосны импортоо үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдэв | ||
| Үзсэн: 450 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.