Шууд Chart

Энтони Блинкен, Сергей Лавров нар утсаар ярилаа

2022-07-31 12:17:51

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров нар Орос Украин руу түрэмгийлснээс хойш анх удаа утсаар ярьж, шууд хэлэлцээ хийлээ.

Блинкен энэ яриа хэлэлцээг "илэн далангүй бөгөөд шууд шулуухан явагдсан" гэж тодорхойлсон байна. Тэрбээр, Орос Украины боомтуудаас үр тариа тээвэрлэхийг зөвшөөрөх амлалтаа биелүүлэх ёстой гэж Лавровт хандан хэлжээ.

Блинкен "Орос улс дэлхийн өмнө хүлээсэн амлалтаа биелүүлэх нь чухал юм. Миний тодорхой хэлсэнчлэн, бид үүнийг аль болох хурдан урагшлуулахыг хичээж байна" гэжээ. Блинкен мөн ОХУ Украины газар нутгийг өөртөө нэгтгэхийг оролдож байгааг онцолсон байна. Нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж тэрбээр Лавровт мэдэгджээ.

Энтони Блинкен мөн ОХУ-д саатуулагдсан Америкийн хоёр иргэнийг суллах саналыг хүлээн авахыг Москвад уриаллаа.

Харин тэдний ярианы дараа, ОХУ-ын гадаад хэргийн яамнаас хийсэн мэдэгдэлд, Лавров Украинд зэвсэг нийлүүлсэнд АНУ болон НАТО-г буруутгасан байна. Энэ нь мөргөлдөөнийг уртасгаж, хохирогчдын тоог нэмэгдүүлж байна гэж тэрбээр АНУ-ын төрийн нарийн бичгийн даргад хандан хэлжээ. 

Сергей Лавров, өрнөдийн орнуудын хориг арга хэмжээ нь Оросын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспорт зэрэг нөхцөл байдлыг улам хүндрүүлсэн гэсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Энтони Блинкен, Сергей Лавров нар утсаар ярилаа  
Үзсэн: 399 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй