Хойд Атлантын Гэрээний байгууллга НАТО-гийн гишүүн 30 улсын төр засгийн тэргүүн нар өнгөрсөн долоо хоногт Испанийн Мадрид хотноо чууллаа.
Мадридын дээд уулзалтаас гурван чухал шийдвэр гарлаа. Тухайлбал, НАТО 2030 он хүртэлх стратегийн үзэл баримтлалаа баталж, батлан хамгаалах тогтоон барих хүчин чадлаа үлэмж хэмжээгээр бэхжүүлэхээр тогтож, Швед, Финланд улсаар хүрээгээ тэлэхээр шийдвэрлэлээ.
Энэ бол Украинд болж байгаа дайны улс төр, геопилитикийн орчин хэрхэн өөрчлөгдөж байгааг илтгэсний зэрэгцээ Оросын Украинд өдөөсөн дайн, түүний үр дагавар Евро Атлантын аюулгүй байдлын орчин, цаашдын зорилтод хэрхэн тусгалаа олж байгааг харууллаа гэдгийг улс төрийн шинжээчид тэмдэглэж байна.
НАТО-гийн энэ удаагийн дээд уулзалтын гол зорилго гишүүн улс орнуудынхаа хамтын батлан хамгаалах чадавхийг бэхжүүлэх, нэг тэрбум хүн амаа аюулгүй байлгах үндсэн зорилго, үүрэг хариуцлагаа биелүүлэхэд чиглэлээ.
Энэ уулзалтаас 30 гишүүнтэй НАТО-гийн ойрын болон урт хугацааны стратегийн чиг хандлага илүү тодорхой болж ирлээ. Өөрөөр хэлбэл, НАТО стратегийн үзэл баримтлал 2030 гэсэн аюулгүй байдлын шинэ бодит байдлыг тусгасан удирдамж баримт бичгийг баталлаа.
НАТО хамгийн сүүлд 2010 онд энэ үзэл баримтлалаа шинэчилж байсан юм. Шинэ стратегийн үзэл баримтлалд ОХУ-ыг холбоотны аюулгүй байдалд хамгийн их, шууд заналхийлж байгаа улс гэж тодорхойллоо. Ингэснээр ОХУ-ын статусыг НАТО-гийн стратегийн түнш ангиллаас гол аюул занал ангилалд шилжүүлж байна.
НАТО-гийн 2010 онд шинэчилж байсан стратегийн үзэл баримтлалд ОХУ-ыг тус эвслийн “Евро Атлантын түнш”-үүдийн нэг гэж тодорхойлж байсан юм. Мөн НАТО анх удаа БНХАУ-ыг ирэх 10 жилд стратегийн нэн тэргүүний зорилтуудын нэгээр тодорхойлж, Хятадыг хөрш орнуудаа дээрэлхэж, Москватай стратегийн түншлэл байгуулах замаар Өрнөдөд заналхийлэл учруулж байна гэж НАТО дүгнэж байна. Өөрөөр хэлбэл, Хятадыг цэрэг батлан хамгаалах хүчээ цөмийн зэвсэг болон бусад хүчээр ихээхэн зузаатгаж, Тайвань болон бусад хөршүүдийнхээ эсрэг зөрчилдөөнтэй бодлого хэрэгжүүлж, өөрийн ард түмнийг дэвшилтэт технологиор хянан хавчиж, Оростой хэт ойр харилцаатай болж байна гэж НАТО болгоомжилж байна.
НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг “Өнөөдрийн бидний баталсан үзэл баримтлал 2010 оныхоос тэс өөр агуулгатай. Тэр үеийг өнөөдөртэй харьцуулах аргагүй. ОХУ бидний аюулгүй байдалд шууд заналхийлж байгааг тодорхой тусгаж өгсөн. Өмнөх үзэл баримтлалд бид Оросыг стратегийн түншээ гэж заасан, харин Хятадын талаар нэг ч үг дурдаагүй. Харин шинэ үзэл баримтлалдаа Хятадын албадлагын өнгө аястай бодлого бидний ашиг сонирхол, аюулгүй байдал, үнэт зүйлсэд сорилт авч ирж байна гэж холбоотнууд бид дүгнэлээ” гэж ярилаа.
ОХУ-ын Гадаад хэргийн сайд Орос, Өрнөдийн хооронд өрнөж байгаа өнөөгийн улс төрийн уур амьсгал, нөхцөл байдлыг “төмөр хөшиг” бууж байна гэж тодорхойллоо. Төмөр хөшиг гэдэг нэр томьёо нь Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш ЗХУ задрах хүртэлх хугацаанд Өрнөдийн орнууд болон Зөвлөлт хоорондын улс төрийн хуваагдлыг илэрхийлж байсан юм.
ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров “Төмөр хөшиг аль хэдийн буужээ гэсэн Владимир Макейгийн хэлсэнтэй би санал нэг байна. Тэд ингэж хэлэхээс болгоомжилж байж болох ч энэ үйл явц аль хэдийн эхэлсэн байна” гэсэн байна.

БНХАУ-ын Гадаад харилцааны яамны Хэвлэлийн төлөөлөгч Чжао Лицзянь “НАТО-гийн стратегийн шинэ үзэл баримтлал бодит байдлыг үл тоомсорлосон, зөв бурууг дэнслээгүй, Хятад улсыг системийн сорилт болж байна гэж буруу тодорхойлж байна. Энэ нь Хятадын гадаад бодлогыг гутаан доромжилж, Хятадын цэрэг батлан хамгаалахын хэвийн хөгжил, батлан хамгаалах бодлогыг буруугаар мушгиж, зөрчил сөргөлдөөнийг өөгшүүлж байна. Энэ баримт бичиг хүйтэн дайны үеийн сэтгэлгээ, үзэл суртлын өрөөсгөл хандлагыг харуулж байна. Хятад улс энэ баримт бичгийг эрс эсэргүүцэж байна” гэжээ.

НАТО стратегийн үзэл баримтлалдаа Хятадыг анх удаа тусгаж өгсөн нь АНУ-ын зэвсэгт хүчинд тулгуурладаг дэлхийн хамгийн том цэргийн эвсэл НАТО дэлхийн хоёр дахь том эдийн засаг, улам хүчирхэгжиж байгаа цэрэг армитай, технологийн асар хурдтай хөгжлийг харуулж байгаа Хятад улсын эсрэг сөрөх бодлого явуулах нь гэдгийг харуулж байна.
| НАТО стратегийн үзэл баримтлалаа 2030 он хүртэл шинэчиллээ | ||
| Үзсэн: 529 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.