Шууд Chart

2021 онд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ өссөн байна

2022-04-05 13:27:23

Өнгөрсөн 2021 онд дэлхийн нийт цахилгаан эрчим хүчний хэрэглээний 10 хувийг сэргээгдэх эрчим хүчнээс гарган авч ашигласан тухай олон улсын судалгааны Эмбер төвөөс танилцууллаа.

Тодруулбал, 2021 онд цар тахлын дэгдэлт үндсэндээ хумигдах төлөвт орж, дэлхийн эдийн засаг сэргэхийн хирээр, эрчим хүчний эрэлт 5,4 хувиар нэмэгджээ.

Үүнтэй зэрэгцээ, нүүрсний хэрэглээ ч өнгөрсөн онд 9 хувиар өсч, нийт цахилгаан эрчим хүчний хэрэглээний 59 хувийг нүүрснээс гарган авчээ. Гэхдээ 2015 оны Парисын уур амьсгалын гэрээнээс хойш дэлхийн улс орнуудын сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ 2 дахин өссөн үзүүлэлттэй байна. Энэ төрлийн эрчим хүчний хэрэглээ рүү хамгийн хурдтай шилжиж байгаа 3 улс байна.

Австрали, Нидерланд болон Вьетнам улсууд сүүлийн 2 жилийн хугацаанд, цахилгаан эрчим хүчний хэрэгцээнийхээ 10 хувийг нүүрснээс, ногоон эх үүсвэр лүү шилжүүлжээ. Вьетнам улсын хувьд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ нэг жилийн дотор 300 хувь өсжээ. Тус улсын засгийн газар, иргэд болон аж ахуй нэгжүүдээс нарнаас гарган авсан эрчим хүчийг тодорхой тарифын дагуу худалдан авах бодлого явуулсан нь үр дүнд хүрчээ.

Дани зэрэг зарим орнууд, эрчим хүчнийхээ 50 гаруй хувийг, салхи нарны эрчим хүчээр хангаж байгаа хэдий ч нүүрснээс гаргаж авах эрчим хүчний хэрэглээ адил түвшинд байна. Нүүрсний хэрэглээний дийлэнх хувийг Хятад, Энэтхэг зэрэг Азийн орнууд эзэлж байгаа боловч дэлхийн хэмжээнд авч үзвэл ердөө 1 хувиар өссөн дүн гарчээ.

Үндсэндээ нүүрс болон байгалийн хийн хэрэглээний түвшин ижил хэмжээнд байна гэж хэлж болно. Одоо зах зээл дээр, байгалийн хийн үнэ Европ болон Азийн хэмжээнд, 10 дахин өссөн үзүүлэлттэй байна. Байгалийн хий болон нүүрсний үнийн өсөлт, эдийн засагт хүндээр тусч эхэлсэн учраас дэлхийн улс орнууд цэвэр эрчим хүч рүү шилжих бас нэг шалтгаан болж байна.

Судлаачдын үзэж байгаагаар, АНУ, Британи, Герман болон Канад зэрэг томоохон эдийн засагтай орнууд ойрын 15 жилийн дотор 100 хувь ногоон эрчим хүч рүү шилжихээр зорьж байна.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

2021 онд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ өссөн байна  
Үзсэн: 817 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй