Шууд Chart

Сербийн бүх нийтийн сонгуульд эрх баригч нам ялалт байгуулжээ

2022-04-05 12:57:47

Балканы хойгт орших Серби улсад өнгөрсөн Ням гарагт ерөнхийлөгчийн ээлжит сонгуулиас гадна Скупщина буюу нэг танхимт парламентын ээлжит бус сонгууль, орон нутгийн засаг захиргааны нэгжүүдийн өөрөө удирдах байгууллагын гээд нийт 3 сонгууль боллоо.

Тус улсын сонгуулийн ерөнхий хорооны мэдээлж байгаагаар, бүх нийтийн сонгуульд одоогийн төрийн тэргүүн Александр Вучич болон түүний тэргүүлдэг хөгжлийн төлөөх үндэсний нам ялалт байгуулжээ. Ингэснээр сүүлийн 10 жил эрх барьж буй намын засаглал хэвээр үргэлжлэхээр болж байна.

Украины нөхцөл байдал Сербийн Москватай уламжлалт харилцаагаа хадгалах, Европын холбоонд гишүүнчлэх эрмэлзлэл, энэ 2-ын аль нэгийг нь сонгох гэсэн өрнөдийн дарамт шахалт дунд одоогийн ерөнхийлөгч Александр Вучич 2 дахь 5 жилийн бүрэн эрхээ эхлүүлж байгаа юм. Серби нь Оросын байгалийн хийн эрчим хүчнээс бараг бүрэн хамааралтайгаас гадна хоёр улсын арми нягт холбоотой байдаг.

Энэ ч үүднээсээ, Серби улс НҮБ-аас баталсан 2 ч тогтоолын төслийг дэмжсэн ч Оросын Украинд түрэмгийлснийг буруушааж, мөн Москвагийн эсрэг хориг арга хэмжээ авахаас татгалзсан байр суурь илэрхийлсэн. Вучичийн хувьд, Серби улс "Европын холбоонд элсэх зорилго болон хөрөнгө оруулагч Орос, Хятадтай ойр дотно харилцаатай байх гээд аль аль талдаа тэнцвэртэй бодлого барина, аль нэг тал руу хазайхгүй" гэсэн гол зарчим барьж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Сербийн бүх нийтийн сонгуульд эрх баригч нам ялалт байгуулжээ   
Үзсэн: 443 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй