Шууд Chart

БНАСАУ-ын асуудлаар НҮБ-ын шинэ тогтоол гаргахыг дэмжив

2022-04-05 12:31:54

Өнгөрсөн сард Умард Солонгос тив алгасагч баллистик пуужин харвасантай холбогдуулан тус улсын эсрэг НҮБ-ын Аюулгүйн зөвлөл шинэ тогтоол гаргуулах тухайд АНУ, Өмнөд Солонгосын цөмийн асуудал эрхэлсэн элч нар санал нэгдлээ.

Хамгийн сүүлд Пхеньян гуравдугаар сарын 24-нд тив алгасагч баллистик пуужин "Хвасон-17"-г хөөргөсөн. Энэ пуужин 6000 гаруй километрийн өндөрт хүрсэн нь Умард Солонгосын пуужингийн туршилтын түүхэнд хамгийн өндөр үзүүлэлт болоод байгаа юм.

БНАСАУ-ын асуудал эрхэлсэн АНУ-ын тусгай төлөөлөгч Сун Ким даваа гарагт Өмнөд Солонгосын тусгай төлөөлөгч Но Кю Дуктай Вашингтонд уулзжээ. ”Умард Солонгосын үйлдлийн эсрэг НҮБ-ын Аюулгүйн зөвлөл хатуу хариу арга хэмжээ авах нь чухал гэдэгт хоёр тал санал нэг байна” гэж уулзалтын дараа хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр АНУ-ын тусгай төлөөлөгч Сун Ким мэдэгджээ.

Өмнөд Солонгосын тусгай төлөөлөгч Но Кю мөн Умардын эсрэг хатуу арга хэмжээ авах шаардлагатайг онцолсон байна.

АНУ-ын тусгай төлөөлөгч энэ долоо хоногийн сүүлчээр Солонгосын хойгийн асуудал эрхэлсэн Хятадын тусгай төлөөлөгч Лю Сяоминтэй уулзахдаа энэ асуудлыг хэлэлцэх төлөвтэй байна. Гэвч Пхеньяны эсрэг шинэ хориг арга хэмжээ авах тогтоолын талаар АНУ, БНХАУ болон ОХУ-ын хооронд асар их ялгаа байдаг.

Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн Хятад, Орос улсууд Умард Солонгосын эсрэг хориг арга хэмжээг зөөлрүүлэх тогтоолын төсөл боловсруулж байна гэж "NHK" агентлаг мэдээлж байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНАСАУ-ын асуудлаар НҮБ-ын шинэ тогтоол гаргахыг дэмжив  
Үзсэн: 550 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй