Цар тахлын улмаас Аргентин, Энэтхэг, Хятад, Өмнөд Африк болон Оростой найрсаг харилцаатай өөр бусад 52 улсад үйлчилж байсан нислэгийн хязгаарлалтыг дөрөвдүгээр сарын 9-нөөс эхлэн цуцална гэж ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин даваа гарагт мэдэгдлээ.
Тэрбээр “Коронавирусний цар тахлын улмаас ОХУ болон бусад хэд хэдэн орны хооронд үйлддэг тогтмол болон тусгай үүргийн нислэгт тогтоосон хязгаарлалтыг энэ сарын 9-ний өдрөөс эхлэн цуцалж байна. Энэ тухай шийдвэр бүхий баримт бичигт даваа гарагт гарын үсэг зурсан” гэж мэдэгдсэн.
Түүнчлэн "Одооноос бид Аргентин, Энэтхэг, Хятад, Өмнөд Африк болон найрсаг харилцаат бусад 52 улс оронтой нислэгээ сэргээж байна. Өмнө нь Евро-Азийн эдийн засгийн бүсийн зарим муж, Катар, Мексик болон бусад 15 улс руу ямар ч хязгаарлалтгүйгээр нислэг үйлдэж байсан” гэдгээ мэдэгдэлдээ дурдлаа.
Дөрөвдүгээр сарын 9-ний өдрөөс эхлэн эргэн нислэг үйлдэх улс орнуудын жагсаалтад Алжир, Аргентин, Афганистан, Бразил, Венесуэл, Вьетнам, Хонг Конг, Энэтхэг, Индонез, Умард Солонгос, Малайз, Мальдив, Монгол, Пакистан, Перу, Турк, Өмнөд Африк, Ямайк зэрэг 52 улс багтсаныг “Тасс” агентлаг уламжилж байна.
Харин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин "найрсаг бус" гэж үзсэн зарим улс орны иргэдэд олгож байсан визийн хялбаршуулсан журмыг даваа гарагт зогсоолоо. Тодруулбал, уг шийдвэрт Европын холбооны Норвеги, Исланд, Швейцарь, Лихтенштейн зэрэг улс оржээ.
Өнгөрсөн даваа гарагт ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров "найрсаг бус" гэж үзэж байгаа улс, нутаг дэвсгэрийн иргэдийг хилээр нэвтрүүлэхийг хориглох талаар яригдаж байгаа тухай мэдэгдэж байсан юм.
| ОХУ 52 улс руу үйлдэх нислэгээ сэргээлээ | ||
| Үзсэн: 454 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.