Украины нийслэл Киев хотын ойролцоох Буча, Ирпин, Гостомель, Чернигов хотуудад энгийн иргэдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэгтэй холбоотой зураг, дүрс бичлэг, олон нийтийн анхаарлыг татаж байна. Сэтгэл хиртхийлгэм ийм үйлдэл хэн хийсэн, хэнд ямар хариуцлага тооцох тухай яригдаж эхэллээ.
Украины талаас, энэ хэрэгт Оросын армийг буруутгаж байгаа бол, Оросын батлан хамгаалахын яамнаас энэ мэдээллийг ор үндэсгүй гэж няцаасан. Олон улсын эрхзүйн үүднээс авч үзвэл, дайны цагт зэвсэггүй энгийн иргэдийг хөнөөх нь цэргийн гэмт хэрэгт тооцогддог учраас олон улсын мөрдөн шалгалт явуулахыг дэлхийн улс орнууд, олон улсын байгууллагууд уриалж байгаа юм.
ОХУ-ын батлан хамгаалах яам, эдгээр мэдээллийг өрнөдийн хэвлэлүүдийн бэлтгэсэн ээлжит хуурамч мэдээлэл өнгөрсөн сарын 30-ны өдөр армийнхан нь Киев орчмыг орхин гарсан тухайгаа мэдэгдсэнийг, Риа Новости мэдээлсэн. Улмаар, Буча хотын дарга ч, Оросын армийнхны араас хотдоо очиж видео мэдэгдэл хийх үеэрээ гудамж талбай дахь цогцсууд, эсвэл хотод цэргийн гэмт хэрэг үйлдэгдсэн улс мөр байгаа тухай дурдаагүй болохыг Оросын батлан хамгаалах яамнаас сануулжээ.
Үүний зэрэгцээ ОХУ-ын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова, энэ асуудлыг энхийн хэлэлцээг тасалдуулах зорилгоор Киевийн дэглэмийнхний эсрэг үйлдсэн гэмт хэрэг гэж мэдэгдсэнийг Тасс уламжилж байна.
Мөн ОХУ-ын мөрдөн байцаах хорооны дарга Буча хотод энгийн иргэдийг хөнөөсөн хэрэгт албан ёсны мөрдлөг явуулахыг тушаасан байна. Оросын эрүүгийн хуульд заасны дагуу энэ хэрэгт холбоотой этгээдийг илрүүлэх, үйл ажиллагаанд хяналт тавих цогц арга хэмжээ авч ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгожээ.
Бас энэ асуудалтай холбогдуулан, ОХУ-ын зүгээс НҮБ-ын аюулгүйн зөвлөлийг зарлан хуралдуулах хүсэлт гаргаад байгаа бол НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш энэ хэрэгтэй холбогдуулан, олон улсын бие даасан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, үр дүнтэй хариуцлага тооцох шаардлагатай гэж мэдэгдэв.
Харин НҮБ-ын хүний эрхийн дээд комиссарын газраас ОХУ цэргийн гэмт хэрэг үйлдэж, олон хүмүүнлэгийн зарчмуудыг ноцтойгоор зөрчсөн байж болзошгүй байна гэж анхааруулсан.
Оросын цэргүүдийг үйлдсэн гэж сэрдэж буй энэ хэрэгт холбогдуулан дэлхийн улс орнуудын төр засгийн тэргүүн нар байр сууриа илэрхийлж байна. Тухайлбал, Европын холбоо энэ үйл явдалтай холбогдуулж, Оросын зэвсэгт хүчнийхний орхин гарсан Украины хэд хэдэн хотод, харгислал үйлдсэнийг буруушаасан мэдэгдэл гаргав. Ялангуяа, Олон улсын эрүүгийн шүүхийн прокурорын эхлүүлсэн хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, мөн НҮБ-ын хүний эрхийн дээд комиссарын газраас эхлүүлсэн ажиллагааг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ Европын холбоо нь Украины ерөнхий прокурор болон иргэний нийгмийн байгууллагуудад энэ хэрэгтэй холбоотой нотлох баримт цуглуулах зэрэг ажиллагаанд дэмжлэг үзүүлэхээ мэдэгджээ.
Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон, "энгийн иргэд рүү халдсан аймшигт халдлага" гэж Буча хотод үүссэн нөхцөл байдлыг тодорхойлж, Москвагийн эсрэг тавьсан хориг арга хэмжээгээ өргөжүүлэн, Украинд үзүүлэх тусламжаа нэмэгдүүлнэ гэж мэдэгдэж байна. АНУ, Британи, Франц, Герман зэрэг орнууд, Оросын эсрэг хориг арга хэмжээгээ өргөжүүлэхээр төлөвлөж байгаа аж.
Украины ерөнхий прокурорын газраас мэдээлж байгаагаар Киев орчмын бүс нутгаас 410 гаруй энгийн иргэний цогцос олдсон тухай CNN мэдээлж байна.
| Украины нийслэл орчмын бүс нутагт энгийн иргэдийг олноор хөнөөсөн ул мөр олджээ | ||
| Үзсэн: 423 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.