Олон улсын эрчим хүчний агентлагийн гишүүн улс орнууд үнийн өсөлтийг хязгаарлахын тулд шинэ зохицуулалтаар газрын тосны нөөцөөсөө гаргахаар тохиролцжээ. Хэдий хэр хэмжээтэй нөөцийг ямар хугацаанд гаргах тухайгаа ирэх 7 хоногт зарлах юм байна.
Тодруулбал, Олон улсын эрчим хүчний агентлагийн гишүүн АНУ, Япон, Европын орнууд баасан гарагт ээлжит бус цахим хурал хийж, Оросын Украинд явуулж байгаа цэрэг дайны ажиллагаанаас үүдэлтэй зах зээлийн хямралыг хэрхэн арилгах тухай хэлэлцлээ.
Тус агентлагийн тооцоолсноор, Өрнөдөөс Оросын эсрэг тогтоосон эдийн засгийн хатуу хориг арга хэмжээний нөлөөгөөр 4 дүгээр сарын 1-нээс эхлэн Оросын хоногт олборлох газрын тосны хэмжээ 3 сая баррелиар буурахаар байна.
Үүнээс өмнө АНУ-ын засгийн газар 5 дугаар сараас эхэлж хагас жилийн хугацаанд урьд байгаагүй их хэмжээгээр буюу хоногийн 1 сая баррель газрын тосыг нөөцөөсөө зах зээлд гаргахаар болсон.
Үүний өмнө 3 дугаар сарын 1-нд Олон улсын эрчим хүчний агентлагийн гишүүн орнууд нийт 60 сая баррель газрын тосыг нөөцөөсөө гаргахаар амлаж байсан юм. Одоо тус агентлагийн шинээр гаргах шийдвэр газрын тосны ханшид ямар нөлөө үзүүлэхийг олон нийт анхааралтай ажиглаж байна.
| Олон улсын эрчим хүчний агентлаг газрын тосны нөөцөөсөө яаралтай нийлүүлэлт хийнэ | ||
| Үзсэн: 722 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.