Шууд Chart

Украинд гал зогсооход нөлөөгөө ашиглахыг БНХАУ-д уриалав

2022-04-03 12:26:44

Хятад улс Европын Холбоог АНУ-ын гадаад бодлогын хүрээнд бус бие даасан бодлогоор Хятадтай харилцахыг уриалжээ.

Европын холбоо болон БНХАУ-ын эрх баригчид сүүлийн хоёр жилд анх удаа, дээд хэмжээний уулзалтаа цахимаар хийлээ. Европын холбоо БНХАУ-ыг, Украин дахь цэрэг дайны ажиллагааг зогсооход нь ОХУ-д нөлөөгөө ашиглахыг уриалсан байна. Түүнчлэн "Бээжин санхүүгийн болон цэрэг армийн дэмжлэгийн аль алиныг Москвад үзүүлэх ёсгүй" гэсэн тодорхой байр суурь илэрхийлжээ.

Тодруулбал, Европын холбооны эрх баригчид "Хятад улсыг Оросын Украинд явуулж байгаа цэрэг дайны ажиллагааг дэмжих вий гэж санаа зовниж байгаа. Иймээс тэд Бээжинг Оросын эсрэг хүчтэй хатуу байр суурь баримтлахгүй байна" гэж шүүмжилж байна. Европын холбоо нь Хятад улс Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүний хувьд Оросын Украинд явуулж байгаа цэрэг дайны ажиллагааг зогсооход тодорхой хэмжээгээр хариуцлага үүрэх ёстой гэсэн байр суурьтай байгаа юм.

Энэ талаар Европын комиссын Ерөнхийлөгч Урсула Фон Дер Ляйен, “40 гаруй улс хориг арга хэмжээнд нэгдсэн байна. Иймээс бид Хятад улс хоригийг дэмждэггүй юмаа гэхэд хөндлөнгөөс оролцохгүй байх ёстой гэдгийг тодорхой илэрхийллээ. Дайныг дэмжих нь Хятадын Европ дахь нэр хүндэд асар их хохирол учруулна. Европын Холбоо Хятадтай өдөрт 2тэрбум еврогийн худалдаа хийж байна. Харин Хятад Оростой өдөрт 330сая еврогийн худалдаа хийдэг. Тиймээс дайн сунжирч, дэлхийн эдийн засаг хямрах нь хэнд ч тэр тусмаа Хятад улсад ашиггүй. ” гэсэн байна.

Харин БНХАУ-ын дарга Ши Жиньпин, “Хятад улс Европын холбоотой харилцах харилцаандаа тууштай байж, залгамж чанарыг хадгалж ирсэн. Европын холбоо хоёр талын харилцааг тогтвортой хөгжүүлэхийн төлөө Хятадын талаарх өөрийн гэсэн үзэл санааг бий болгож, Хятадтай бие даасан бодлогоор харилцан, хамтран ажиллана гэж бид найдаж байна.”  хэмээн мэдэгджээ.

Мөн БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян, "Хятад Европын холбооны харилцаа тогтвортой байх нь дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэд чухал үүрэгтэй" хэмээн онцолсон.

Хятад улс Украины нөхцөл байдалд аль ч талыг нь баримтлахгүй гэдгээ мэдэгдсэн ч яриа хэлэлцээ, дипломатын аргаар асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэсэн байр суурь баримтлаж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Украинд гал зогсооход нөлөөгөө ашиглахыг БНХАУ-д уриалав   
Үзсэн: 548 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй