Стамбулын хэлэлцээний үеэр Орос талуудын харилцан итгэлцлийг нэмэгдүүлж, цаашдын яриа хэлэлцээний үндэс суурийг бүрдүүлэх үүднээс Киев болон Чернигов хотуудын ойр орчимд цэргийн ажиллагаагаа өргөжүүлэхгүй гэж мэдэгдэж байсан. Гэвч сүүлийн өдрүүдийн байдлаас харахад Оросын цэргүүд шинэ хуваарилалтад орж, довтолгоогоо сэргээхээр зэхэж байж болзошгүй байдал ажиглагдаж байгааг олон улсын мэргэжилтнүүд хэлж байна. НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Иенс Столтенберг уржигдар Брюссельд хийсэн мэдэгдэлдээ Оросын цэргүүд саяхан, Киев болон Хойд Украин дахь үйл ажиллагаагаа хумина гэж мэдэгдэж байсан хэдий ч тэд ухрах биш, харин дахин зохион байгуулалтад орж байна гэсэн байна.
Столтенберг сэтгүүлчидтэй ярилцах үеэрээ түүнчлэн, “Орос улс өөрсдийн санаа зорилгын талаар удаа дараа худлаа ярьж байна” гээд, “Оросын эрх баригчдын үгээр бус, үйлдлээр нь дүгнэх хэрэгтэй” гэсэн байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр цааш ярихдаа, “Манай тагнуулын мэдээгээр, Оросын цэргийнхэн ухрах бус, харин шинэ зохион байгуулалтад орж байна. Орос улс Донбассын бүс нутаг дахь довтолгоогоо нэмэгдүүлэхийн тулд цэргийн хүчээ дахин хуваарилж, нэмэлт хангалт татаж байна” гэсэн байна. Үүний зэрэгцээ Киев болон бусад хотын хувьд эрсдэл буураагүй, дайралт довтолгоо дахиад идэвхжиж улам их гарз хохирол учруулж болзошгүй гэж харагдаж байна гэжээ.
Үүний зэрэгцээ АНУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби мөн, Киев хот болон түүний ойр орчимд оросын цэргүүд бага зэрэг хөдөлгөөнд орсон, гэхдээ энэ нь цэргээ арагш татаж буй хэрэг бус, харин илүү том довтолгооны бэлтгэл болов уу гэж таамаглаж байгаагаа ярьжээ. Тэрбээр уржигдар Пентагонд мэдээлэл хийх үеэрээ түүнчлэн, Америкийн зэр зэвсэг, бусад тусламж ачсан эхний цуваа өнгөрөгч 3 дугаар сарын 16-ны өдөр Ерөнхийлөгч Байдений баталсан 800 сая долларын өртөгтэй тусламжийн багцын нэг хэсэг юм байна. Энд тухайлбал, танк эсэргүүцэх “Жэвелин” төхөөрөмж, зенитийн пуужингийн цогцолбор “Стингер”, сум үл нэвтрэх хантааз, эм бэлдмэл, бусад материал багтсан тухай Пентагоны хэвлэлийн төлөөлөгч дурджээ. Түүний хэлснээр, 800 сая долларын нийт өртөг бүхий тусламжийг ойрын хоёр 7 хоног орчмын хугацаанд бүрэн тээвэрлэн хүргэж дуусгахаар төлөвлөж байгаа юм байна.
Тусламжийн нийт багцад, Ми-17 нисдэг тэрэг, галт зэвсэг, тээврийн хэрэгслүүд, хамгаалалт бүхий холбооны системүүд болон хиймэл дагуулаас зураг авах, дүн шинжилгээ хийх төхөөрөмжүүд оржээ.
| НАТО: Оросын цэргүүд дахин хуваарилалтад орж байна | ||
| Үзсэн: 738 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.