Туркийн ерөнхийлөгч Режеп Таийп Эрдоган ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярьж, Орос-Украины хооронд гал зогсоох, энх тайван тогтоох зорилготой шинэ шатны хэлэлцээг Истанбул хотноо зохион байгуулахаар тохирсон. Киев, Москвагийн хоорондын нүүр тулсан шинэ шатны хэлэлцээ Туркт болно гэж Украины талаас хэлэлцээнд оролцож буй төлөөлөгчдийн нэг мэдэгдсэн байна.
Туркийн ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны мэдээлснээр, "Турк улс энх тайван тогтоож, хүмүүнлэгийн нөхцөл байдлыг сайжруулахыг хоёр талд уриалж, зуучлах хүчин чармайлтаа үргэлжлүүлнэ" гэдгээ Оросын талд илэрхийлсэн байна. Украин болон ОХУ-ын хооронд гал зогсоох, энх тайван тогтоох тухай хэлэлцээг 3 дугаар сарын 7-нд Беларусьт хийснээс хойш хоёр тал хэлэлцээг цахимаар үргэлжлүүлж байгаа. Украины тал Оростой хийсэн өмнөх хэлэлцээнүүдийн дараа хэлэлцээ маш хүнд нөхцөлд болж байгааг мэдэгдэж байсан.
Мөн Анкара энэ сарын эхээр Орос, Украины гадаад харилцааны сайд нарын уулзалтыг Антальяд зохион байгуулсан ч үр дүнгүй өндөрлөсөн. Төвийг сахиж, тэнцвэртэй байр суурь баримталж байгаа Турк улс Украины байдлыг намжаах дипломат хүчин чармайлтаа үргэлжлүүлж, талуудыг хүлээцтэй байхыг уриалсаар байна.
Турк улс Оросыг тусгаарлах олон улсын хориг арга хэмжээг эсэргүүцэж байгаа боловч дамжин өнгөрөх хоолойг хааж, Оросын зарим хөлөг онгоцыг нэвтрүүлэхгүй байгаа.
НАТО-гийн гишүүн Турк нь Хар тэнгист Украин, Оростой хиллэдэг, энэ хоёр улстай хоёулантай нь сайн харилцаатай. Орос улсыг Украинд цэрэг дайны ажиллагаа эхлүүлснээс хойш Турк нь хоёр талын хооронд зуучлах, энхийн хэлэлцээ зохион байгуулах санал тавьж, Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, бүрэн эрхт байдлыг дэмжиж байгаагаа мэдэгдсээр ирсэн.
Турк улс, ОХУ-ыг Украинд цэрэг оруулсан нь олон улсын хуулийг ноцтой зөрчсөн алхам гэж мэдэгдсэн ч эрчим хүч, батлан хамгаалах, аялал жуулчлалын ойр харилцаатай Москвагийн дургүйцлийг төрүүлэхгүйн тулд байр сууриа илэрхийлэхдээ маш болгоомжтой хандаж, хоёр талын хооронд уян хатан бодлого баримталж байна гэж Туркийн өдөр тутмын “Дэйли Сабах” сонинд мэдээлжээ.
| Орос, Украины шинэ шатны хэлэлцээг БНТУ зохион байгуулна | ||
| Үзсэн: 702 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.