Украины ерөнхийлөгч Володимир Зеленский ОХУ-тай хийж байгаа энхийн хэлэлцээний хүрээнд Украин улс төвийг сахисан статустай болох тухай асуудлыг хэлэлцэхэд бэлэн байгааг мэдэгджээ. Гэхдээ цэрэг дайны байдлыг зогсоох тохиролцоонд хүрэхийн тулд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өөртэй нь биечлэн хэлэлцээ хийх ёстой гэсэн байр суурьтай байна.
Харин ОХУ-ын гадаад харилцааны сайд Сергей Лавров Орос, Украины төрийн тэргүүн нарын уулзалтыг хоёр тал зарчмын асуудлаар тохиролцоонд хүрэхэд ойртсоны дараа хийх ёстой гэсэн байр суурь илэрхийлжээ. Тэрбээр, "Путин Зеленский нарын хооронд цэрэг дайны ажиллагааны талаар санал солилцох ямар ч уулзалт сөрөг үр дүнд хүргэх болно" гэдгийг ч цохон тэмдэглэсэн.
Мөн "Украины засгийн газар шинэ шатны хэлэлцээний өмнө Оросын тавьсан нөхцөл буюу төвийг сахисан статустай болох тухай шаардлагыг маш нухацтай авч хэлэлцэж байгаа, ийм статусыг бүх нийтийн санал асуулгаар шийдэж, гуравдагч талаар баталгаажуулах ёстой" гэж Зеленский мэдэгдсэнийг Аль Жазира мэдээлсэн байна.
Украины засгийн газар энэ хэлэлцээнд бүрэн эрх, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хангах, Украины аюулгүй байдлыг хангахыг нэн тэргүүний зорилго болгож оролцож байгаа юм. Украины хувьд хэлэлцээнд байлдааны ажиллагааг нэн тэргүүнд зогсоож, цэргээ гаргахыг Оросын талаас шаардаж байна. Харин ОХУ Украиныг төвийг сахиж, цэрэггүй болох, үндсэрхэг үзлээс ангижрах, Крымийн статусыг хүлээн зөвшөөрөх, Донбассын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх зэрэг шаардлагуудыг тавьж байна.
Украины ерөнхийлөгч Володимир Зеленский, “Аюулгүй байдлын баталгаа, төвийг сахих, цөмийн зэвсгээс ангид статусын төлөө бид явахад бэлэн байна. Энэ бол хамгийн чухал асуудал. Миний санаж байгаагаар энэ бол ОХУ-ын хувьд анх тавьсан, зарчмын гол асуудал юм.“ гэв.
Украины ерөнхийлөгч ням гарагт Оросын чөлөөт сэтгүүлчдэд ярилцлага өгөх үеэрээ "Украиныг зэвсэгт хүчингүй болгох, хэт үндсэрхэг үзлээс ангижрах тухай Москвагийн шаардлагыг хэлэлцэхгүй, хэрвээ ийм зүйл яривал бид хэлэлцээний ширээнд ч суухгүй" гэдгээ мэдэгджээ.
| Украин улс төвийг сахих статусын тухай хэлэлцэхэд бэлэн байгаагаа мэдэгдэв | ||
| Үзсэн: 1262 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.