Шууд Chart

Орос, Украины ээлжит хэлэлцээ өнөөдөр эхэлнэ

2022-03-29 09:49:55

Орос, Украины төлөөлөгчдийн ээлжит хэлэлцээ энэ сарын 29, 30-нд болно гэж хэлэлцээнд Оросын төлөөлөгчдийг ахалж байгаа ОХУ-ын ерөнхийлөгчийн туслах Владимир Мединский мэдэгдлээ.

Тэрбээр, “Өнөөдөр бид Украины талтай цахим хэлбэрээр хэлэлцээ хийлээ. Үүний дүнд талууд 3 дугаар сарын 29, 30-нд биечлэн уулзах шийдвэр гаргаад байна" гэж  өөрийн “Telegram” хуудсаар дамжуулан мэдээлжээ.

Орос, Украины хэлэлцээний эхний шат 2-р сарын 28-ны өдөр Беларусийн Гомель мужид болж, таван цагийн турш үргэлжилж байсан юм. Хоёр дахь хэлэлцээ 3 сарын 3-нд Беларусийн Беловежская Пуща хотод болж байсан бол, гурав дахь нь 3 сарын 7-ны өдөр Беларусийн Брест мужид болж байсан юм. Үүнээс гадна хэд хэдэн уулзалтыг цахимаар зохион байгуулаад байгаа билээ.

Харин Украины ерөнхийлөгч Володимир Зеленский ОХУ-ын талтай хийх ээлжит хэлэлцээнд Украины талаас тавьж байгаа гол шаардлагууд хэвээр байгааг мэдэгдэж байна. Тэрбээр, "Бид энх тайвны тусын тулд шинээр хэлэлцээ хийх гэж байна. Хэлэлцээнд баримтлах манай тэргүүлэх чиглэлүүд тодорхой байгаа. Украин улсын бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал эн тэргүүнд тавигдах нь  эргэлзээгүй. Манай улсын хувьд аюулгүй байдлын үр дүнтэй баталгаа заавал шаардах болно. Бидний зорилго бол мэдээжийн хэрэг-энх тайван, хамтын ажиллагаа. Эх орныхоо хэвийн аж амьдралыг аль болох хурдан хугацаанд сэргээхийн төлөө байна" гэж “Telegram” хуудсанд байршуулсан мэдэгдэлдээ дурджээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Орос, Украины ээлжит хэлэлцээ өнөөдөр эхэлнэ  
Үзсэн: 1022 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй