Европын холбооны эрх баригчдын дунд эрчим хүчний үнийг бууруулах талаар байр суурины зөрүүтэй байдлаас шалтгаалж Брюссельд удаан хугацааны хэлэлцүүлэг өрнөхөд хүргэсэн гэдгийг Францын ерөнхийлөгч Макрон мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл Орос Украинд цэрэг дайны ажиллагаа явуулснаас үүдэлтэй эрчим хүчний үнийн хөөрөгдлийг хэрхэн бууруулах талаар Өмнөд Европ болон хойд Европын орнуудын хооронд тодорхой зөрчил үүсчээ.
Мөн Испани тэргүүтэй газар дундын эрэг дагуух орнууд үнийн дээд хязгаар тогтоох зэргээр зах зээлд интервенц хийхийг шахаж байгаа бол Герман, Нидерланд зэрэг орнууд энэ сонголтыг эрс эсэргүүцжээ. Европын холбооны гишүүн 27 улсын эрх баригчид тус тусынхаа эрчим хүчний загвар, ашиг сонирхлын үүднээс тохиролцоонд хүрэхэд тун хэцүү байдалд байгааг Макрон дээд уулзалтын дараа сэтгүүлчдэд мэдээлсэн байна.
Одоогоор Европын холбооны орнууд ирэх өвлөөс өмнө байгалийн хийн нөөцөө хамтран бүрдүүлэх тухай Европын зөвлөлийн саналыг хүлээн аваад байгаа аж. Мөн гишүүн орнууд нь Европын холбооны Оросын эрчим хүчнээс хамааралтай байдлыг улам даамжруулахуйц аливаа хямралаас зайлсхийн хийхийн тулд нөөц байгууламжуудаа дүүргэхийг дэмжжээ. Европын холбоо нь цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх, орон сууц халаах, аж үйлдвэрлэл явуулахад шаардлагатай байгалийн хийн 90 хувийг гаднаас импортоор авдаг. Түүнээс 40 хувийг ОХУ-аас нийлүүлдэг аж.
Мөн газрын тосны хэрэглээнийхээ дөрөвний нэгийг Оросоос авч байна. Энэ хэвлэлийн хурлын үеэр Францын ерөнхийлөгч Макрон Украины бүслэлтэд байгаа Мариуполь хотоос энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх тохиролцоонд хүрэхийн тулд ойрын үед ОХУ-ын ерөнхийлөгч Путинтэй ярилцахаар төлөвлөж байгаагаа мэдэгджээ.
Хэвлэлийн хурлын үеэр Унгарын ерөнхий сайд Оросын эрчим хүчний салбарт хориг тавихыг дэмжих тухай Украины ерөнхийлөгч Зеленскийн уриалгыг няцаасан байна. Өөрөөр хэлбэл Оросын эрчим хүчийг хориглох нь Унгарын ашиг сонирхолд нийцэхгүй, Унгарын эдийн засгийн өсөлтийг сулруулж, хямрахад хүргэнэ гэж үзсэн байна.
Унгар нь байгалийн хийн 85 хувь, газрын тосныхоо 60 хувийг Оросоос авдаг аж.
| Европын холбоо эрчим хүчний үнийг бууруулах асуудлаар нэгдмэл байр сууринд хүрсэнгүй | ||
| Үзсэн: 911 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.