Шууд Chart

Йенс Столтенберг Норвегид болж буй цэргийн сургуулилтын явцтай танилцав

2022-03-27 12:05:38

Хойд Атлантын Гэрээний байгууллага НАТО Норвегид “Хүйтэн Хариу арга хэмжээ” нэртэй цэргийн хамтарсан сургуулилт хийж байна. Энэ сургуулилтын явцтай танилцах үеэр НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг ямар нэгэн байдлаар химийн болон цөмийн зэвсэг ашиглавал Украин дахь цэрэг дайны ажиллагааны мөн чанарыг бүрэн өөрчлөх болно гэдгийг анхаарууллаа.

Столтенберг энэ сургуулилтыг аль эртнээс төлөвлөсөн байсан, гэхдээ ОХУ Украинд цэрэг дайны ажиллагаа явуулснаас хойш НАТО нэгдэн нягтрах шаардлагатайг харуулсан учраас ийм сургуулилт хийх нь илүү чухал боллоо гэдгийг онцолжээ. Түүнчлэн, "Москвад буруу ойлголт өгөхүйц орон зай гаргахгүйн тулд НАТО өөрийн нутаг дэвсгэрээ хамгаалах болно. Москва энэ сургуулилтыг ажиглахаас татгалзсанд харамсаж байна" гэж тэрбээр мэдэгджээ.

Норвегийн зүүн өмнөд, төв болон хойд бүс нутагт хийж байгаа НАТО-гийн энэхүү сургуулилтад гишүүн 27 орны 30 гаруй мянган цэрэг оролцож байна. Гуравдугаар сарын 14-нөөс 4 дүгээр сарын 1 хүртэл үргэлжлэх энэхүү сургуулилтад НАТО-гийн гишүүн бус Финлянд, Швед зэрэг улсууд оролцож байна.

Мөн АНУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан АНУ болон НАТО Оросоос НАТО-гийн газар нутагт ирж болзошгүй аюул заналхийллээс урьдчилан сэргийлэх төлөвлөгөө боловсруулж байгааг мэдэгджээ.

Сануулахад, анх "Хүйтэн хариу арга хэмжээ" нэртэй энэхүү сургуулилтыг 2006 онд эхлүүлж, үүнээс хойш хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг болжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Йенс Столтенберг Норвегид болж буй цэргийн сургуулилтын явцтай танилцав   
Үзсэн: 681 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй