Европын холбоо эрчим хүчний нийлүүлэлтээ баталгаажуулах, эрчим хүчний үнийн өсөлтийн нөлөөллийг бууруулахын тулд байгалийн хий хадгалах, нөөцлөх хүчин чадлаа нэмэгдүүлэх зохицуулалт хийхээр төлөвлөж байна.
Европын комисс гишүүн улс орнууд ирэх 11 дүгээр сар гэхэд байгалийн хийн нөөцлүүрийн нийт багтаамжийн 80-аас доошгүй хувьд, дараа дараагийн жилүүдэд 90 хувьд хүртэл дүүргэх шаардлагыг тусгасан төлөвлөгөө танилцуулжээ.
Тус комисс байгалийн хийн үнийг бууруулахын тулд Европын холбооны гишүүн улс орнуудыг хамтран байгалийн хий худалдан авахад зориулж ажлын хэсэг байгуулахаар төлөвлөж байгаа юм байна. Европын холбооны гишүүн улс орнууд Орос Украинд цэрэг дайны ажиллагаа явуулснаас хойш Оросын эрчим хүчнээс хараат байдлаа бууруулахаар тохирсон юм.
Өнгөрсөн оны байдлаар Европын холбоо байгалийн хийн импортынхоо 45 хувийг, газрын тосны импортынхоо 27 хувийг Оросоос авсан байна.
Европын холбооны гишүүн орнууд энэ 7 хоногт болох Европын зөвлөлийн уулзалтаар Оросоос эрчим хүчний хараат байдлаар хэрхэн гарах вэ гэдгээ хэлэлцэх юм байна.
Европын комиссын Ерөнхийлөгч Урсула Фон Дер Лайен АНУ-аас авч байгаа шингэрүүлсэн байгалийн хийн нийлүүлэлтээ нэмэгдүүлэх боломжийг Ерөнхийлөгч Жозеф Байдентай хэлэлцэнэ гэдгээ мэдэгджээ.
Европын холбоо нь эрчим хүч гаргаж авах, орон сууцны халаалт, аж үйлдвэрлэлд хэрэглэдэг байгалийн хийн 90 хувийг импортоор авдаг. Түүний 40 хувийг нь ОХУ-аас авдаг юм.
| Европын холбоо өвлөөс өмнө байгалийн хийн нөөцөө нэмэгдүүлэхийг гишүүн орнуудаасаа шаардана | ||
| Үзсэн: 1009 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.